Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үе шаттайгаар бууруулан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх ажлыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр 106 зах, худалдааны төвийн удирдлагатай цахимаар хуралдаж, тусгай нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, өчигдрөөс хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төв, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвүүдийг үе шаттайгаар нээсэн. Харин маргаашаас буюу тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төвүүдийг нээх юм.
Энэ талаар УБЗАА-ны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг “Нийт 89 чиглэлээр худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж, үлдсэн байгууллагын үйл ажиллагааг нээсэн. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, куфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлаж, хүргэлтээр болон захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрөхөөр зохицуулсан.
Хүнснээс бусад барааны зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх үүргийг УОК-оос өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсний хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер тушаал гаргасан. Улмаар дүүрэг бүрд Ажлын хэсэг байгуулж, томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлагад УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар батлагдсан тусгай нөхцөл, шаардлагыг хангуулж ажиллаж байна. Тусгай нөхцөл, шаардлага 14 чиглэлээр тавигдсаны нэг нь зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа, хайпермаркет, супермаркет юм” хэмээн ярилаа.