Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улсын коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийг насны бүлгээр нь харахад 20-49 насны иргэд илүү их өвчилжээ. Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдэх хэрээр 20-оос дээш насны залуус ч хүндрэх магадлал ажиглагдаж байгаа. Хөл хорио тогтоохоос өмнө өвчлөлийн тархалт буюу R утга 1.4 хувь байсан бол сүүлийн 14 хоногт тогтмол буурсаар 0.84 хувьтай болсон байгаа юм. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол өдийд өдөрт 3,000-аас дээш тохиолдол бүртгэгдэх байсан гэх таамаглал бий. Харин хөл хорионы үр дүнд өдөрт 800 гаруй тохиолдол бүртгэгдэж байна.
Энэ онд Засгийн газрын нөөц сангаас эмч эмнэлгийн ажилчдын илүү цагийн хөлс, цалин урамшуулал, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгалын бодис, тоног төхөөрөмжид зориулж нийт 19.1 тэрбум төгрөг гаргаад байгаа. Түүнээс гадна, Монгол Улсад COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд 16 аймагт хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах санхүүжилт шийдэгдсэн бөгөөд энэ сараас эхлэн ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд бид нийслэлд 4,468, орон нутагт 3,070 гээд нийт 7,538 орыг коронавирусээр өвчилсөн иргэдийн эмчлэхэд зориулж бэлдсэн. Өнөөдрийн байдлаар 19,000 гаруй эмч эмнэлгийн ажилтан коронавирусийн эсрэг ажилд дайчлагдан ажиллаж байна" гэлээ.