ЭМЯ-наас Глобаль сангийн дэмжлэгтэй зөөврийн дижитал рентген аппаратыг 11 эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Энэхүү аппарат нь Монгол Улсад коронавируст халдварын цар тахлын үеийн болон сүрьеэ өвчний илрүүлэг, хүндрэлийг эрт оношлох, оношилгооны чадамжийг дээшлүүлэх, хавьтал болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дундах эрт илрүүлэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй чанартай, хүртээмжтэй хүргэхэд нэн шаардлагатай юм.
Тус яамнаас Эрүүл мэндийн байгууллагуудыг зөөврийн рентген аппаратаар үе шаттай ханган нийлүүлснээр сүрьеэ өвчин, коронавируст халдварын болон бусад өвчний үеийн хүндрэлийг эрт илрүүлж, халдварын тархалтыг бууруулах, эмчилгээний үр дүн, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, цаашид оношийн хожимдлыг бууруулах, үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээг ойртуулж, чирэгдэл, зардлыг бууруулах боломжтой болж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сүрьеэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа болон АШУҮИС, Арьс өвчин судлалын үндэсний төв, Архангай, Булган, Говьсүмбэр, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн рентген техникч нар оролцов.