Польшийн судлаачид дэлхийд анх удаа жирэмсэн эмэгтэйн занданшуулсан шарил илрүүлжээ. Варшав хотын Үндэсний музей дэх Египетийн занданшуулсан шарилуудыг 2015 оноос судалж буй судлаачид энэхүү нээлтийг хийжээ. Занданшуулсан шарилыг анх эрэгтэй санваартных хэмээн үзэж байсан аж. Харин шарилыг рентген аппарат ашиглан нарийвчлан шинжилсний дүнд долоон сартай ураг тээсэн жирэмсэн эмэгтэй байсныг нь тогтоосон байна. Ургийн гавлын ясны хэмжээнд тулгуурлан 26-30 долоо хоногтой байсан гэж үзжээ.
Жирэмсэн эмэгтэйн хэвлийн хөндийгөөс занданшуулсан эрхтэн байж болохуйц дөрвөн боодол олдсон боловч ургийг умайнаас нь гаргаагүй байсан нь судлаачдын гайхшралыг төрүүлсэн байна. Тэд энэ талаар хэлэхдээ, ургийг яагаад тусад нь занданшуулаагүй нь тодорхойгүй байгаа боловч хойд насны талаарх итгэл үнэмшил юм уу ургийг гарган авахад хүндрэлтэй байсантай холбоотой байж магадгүй юм гэжээ.