Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жижиг намууд нэг л өглөө “нийлүүлэгдчихсэн“ байх бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 42 секунд

МАН болон МАХН улс төрийн шийдвэр гаргаж нэгдэхээр боллоо. Энэ тухайгаа хоёр намын үндсэн бодлогыг тодорхойлдог лидерүүд, удирдлагууд өчигдөр орой баяр хөөртэйгөөр гишүүд, дэмжигчиддээ мэдээлэв. Харин энэ үеэрээ МАН-ын генсек Д.Амарбаясгалан тун сонирхолтой зүйл сонордууллаа. Сонсоод үнэндээ хоёр чих, хараад хоёр нүдэндээ итгэсэнгүй.

Тэрбээр "...Улс төрийн намынхаа үйл ажиллагааг илүү өндөр түвшинд аваачих. Цаашлаад олон жижиг намын тогтолцоотой улс биш. Цөөн тооны чанартай, ард иргэдийнхээ итгэлийг даасан хүчтэй ийм улс төрийн намтай, парламентын ардчилсан тогтолцоотой улс байлгахын төлөө бид хичээн зүтгэж байна. Энэ хүрээндээ хоёр нам хамтарсан уриалгыг гаргаж нийт намынхаа гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мэдээж энэ бол нийт ард иргэдээсээ асууна гэхээсээ түрүүлээд яг намын гишүүн идэвхтэн сонгуультнаасаа энэ саналыг асууж тэднийхээ дэмжлэг, тэдний шийдвэрийн хүрээнд нэгдэн нийлэх ажлыг зохион байгуулах ёстой гэж шийдсэн..." гэв.

Д.Амарбаясгалан дарга аа, та алдаад хэлчихсэн үү, албаар хэлээд байна уу. Энэ одоо юу гэсэн үг вэ. Яана гэж байгаа юм бол. Хэрэв энэ үнэн бол Ардын намын том дарга та болон танай нам арай буруу зүйл рүү "зүтгээд" байна.

Нэг, Үндсэн хуульд төрийн эрх ард түмний мэдэлд байна гээд заачихсан. Үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэж улс төрд оролцох нь бидэнд хуулиар олгогдсон язгуур эрх. Мөн "...нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй... " гэж Үндсэн хуулиндаа заасан. Арай үүнийг бас өөрчилчихөөгүй биз дээ. Үнэмлэхгүй олонх болоод эрх барьж буй намын хоёр дахь том дарга нь телевизээр хээв нэг жижиг намуудыг нэгтгэнэ. Энэ ажлаа бид МАХН-аас эхлүүлээ ухааны юм яриад суух нь хэр зохимжтой юм бол. Тэгээд ч зогсохгүй энэ арга хэмжээнийхээ талаар бид ард түмнээсээ асуухгүй гэх юм. Ирээдүйд бид хуучных шигээ энхрий хайртай ганц хоёрхон намтай болох гээд байгаа юм уу. Туулж ирсэн ардчилал, үнэт зүйл bye bye уу. Эцэст нь улс төрийн "байгалийн хуулиар" жижиг намууд бусад томчуудынхаа "идэш" болох аж. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг энэ байгалийн хууль чинь африкийн ширэнгэн ойд л хэрэгждэг. Зэрлэг амьтдын хууль. Том намууд яг л "зэрлэг амьтад" шиг аашлах нь байна.

Хоёр, Улс төрийн нам бол бүх нийтийн чөлөөт сонгуулиар төрийн эрх мэдлийг авдаг цорын ганц байгуулал учир ардчилсан дэглэмийн хамгийн чухал институт. Гэтэл тэр институтийн амин сүнс нь аажмаар том намуудын "халаас" руу орчихвол олон ургалч үзлээр бид үзэл бодлоо илэрхийлж чадахгүй. Муу хүний заяа цавагт гэгчээр азаар олж авсан ардчилсан тогтолцооны хамгийн чухал үнэт зүйлийг ийм амархан "нураалгамааргүй" байна. Өнөөдрийн байдлаар УДШ дээр 36 улс төрийн нам бүртгэлтэй байна. Эдгээр намууд ирээдүйд АН, МАН гээд том намуудын "халаас" руу орохыг хүсэхгүй. Тийм боломж ч байхгүй.

МАН-ынхан энэ сүрхий зорилго зорилтынхоо хүрээнд МАХН-ыг нэгтгэчихлээ гээд шууд ойлгочихож болох уу. Та өөрөө л тийм агуулга хэллээ. Тэгэхээр энэ логикийн дагуу дараагийн "нийлүүлэгдэх" нам нь ХҮН, ИЗНН, Ард түмнээ хайрлая, Ногоон нам нтр гэсэн жижиг намууд болж таарах нь. Л.Гүндалай тэргүүтэй намуудын жирийн гишүүд, дэмжигчид нь нэг л өглөө босоод ирэхэд хөөрхий "жижиг" нам нь том намуудад "нийлүүлэгдчихсэн" байх нь шүү дээ.

"Маниус жинхэнээсээ социализм, коммунизм руу алхаад байна" гэдэг үгэнд би лав итгэхэд ойрхон болчихлоо. АН, МАН, МАХН-ыг хасаад үлдсэн 33 жижиг намууд нь энэ тал дээр юм дуугардаггүй юм уу. Зүгээр хүлээж сууж байгаад хурган албан тушаал, эрх мэдэл аваад л том намууд руу "нийлүүлэгдчих" хэрэг үү. МАХН бол нэгэнт дууссан. Н.Энхбаяр нь нийлүүлсэндээ баяртай байгаа гэж байна лээ. Ер нь энэ улсад төрийн дээр нам гараад суучихсан хачин уруугаа харсан пирамид бий болжээ.

Г.Лхагвадорж

Б.Сүндэръяа: Ц.Анандбазарыг ХҮЧИНДЭХ, БЭЛГИЙН ДҮР ХҮСЛЭЭ ЁС БУСААР ХАНГАСАН хэргээр шалгаж эхэлсэн гэнэ
Б.Сүндэръяа: Ц.Анандбазарыг ХҮЧИНДЭХ, БЭЛГИЙН ДҮР ХҮСЛЭЭ ЁС БУСААР ХАНГАСАН хэргээр шалгаж эхэлсэн гэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.