Улаан буудайг гэрийн нөхцөлд үрслүүлж, өвөл хаврын цагт муудсан малаа тэжээх аргыг нэвтрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалан сум Завхангол багийн малчин П.Нямзоригтой ярилцлаа.
-ХЭЭР ТАЛЫН НУТАГТ САЛХИ ШУУРГА ИХТЭЙ ХЭЦҮҮ ХАВАР БОЛЖ БАЙНА-
-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайхан, Сайхан хаваржиж байна уу? Говь-Алтай аймгийн Жаргалан сум Завхангол баийн малчин Пүрэвээгийн Нямзориг гэдэг хүн байна. Гурав, дөрвөн жилийн өмнө аймгийн аварга малчин болсон. Нутагтаа эхнэр хүүхдүүдтэйгээ, малаа маллаад амьдарч байна. Том охин Улаанбаатарт, энэ жил багшийн сургуулийг төгсөж байгаа.
-Та хэзээнээс мал малласан бэ? Удам дамжсан малчин уу?
-Би удам дамжсан малчин. 1991 оноос хойш цэрэгт явсныг эс тооцвол тасралтгүй мал маллаж байна. Угаас Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул хүн.
-Хаваржаа тавлаг уу? Мал нь ид төллөж байна уу? Танайх малаа хэдэн төрлөөр өсгөдөг вэ?
-Мал төллөөд дуусах тал руугаа орж байна. Манайх 600-аад толгой бог малтай. Тэмээ цөө бий. Бог малаа түлхүү өсгөдөг. Үхэр, адуу овоо хэд хэдэн юм бий. Энэ жил манай энд зарим газрыг бодвол ургац сайн гээд отор нүүдлийн хүмүүс их ирлээ. Гэхдээ өмнөх жилүүдээс ногооны гарц муу, ногоо шальтай ургаагүй учраас мал ахуй хавартаа зүтгүүлж байна. Яг өвлийн хувьд манайх Завхан голд өвөлждөг дэрс, бут ихтэй учраас болоод л байдаг юм. Хээр талын нутагт салхи шуурга ихтэй хэцүү хавар болж байна. Тиймээс зарим бага мал хээлтэж, муудсан. Тарьсан улаанбуудайгаа малдаа өгөхөд янзын юм билээ. Аргагүй л дээ шинэ ногоо юм чинь.
-ХЭЭЛ НЬ ХҮНДРЭЭД ХҮНЭЭР ӨРГҮҮЛЖ БАЙСАН ҮХЭРТ ХЭДХЭН ХОНОГ ӨГӨХӨД НҮД НЬ БҮЛТГЭНЭЭД БОСООД ИРСЭН-
-Улаан буудай гэрийн нөхцөлд тариалахыг та хаанаас хэрхэн мэдэж авав.
-Фэйсбүүк дээр нэг нөхөр “Ингэж тарихаар ингэж ургана” гэж яриад байсан. Түүнийг дууриагаад тарьж үзсэн чинь болсон. Энэ өвлийн нэг сараас эхэлж тариалсан. Өвлийн нөхцөлд дулаан байранд их сайхан ургах боломжтой юм байна лээ. Аймгийн зах дээр зардаг улаанбуудайн тэжээлээс хэдэн шуудайг аваад усанд хоёр гурав дахин угааж цэвэрлээд тусгай саванд хийж хоёр хоног бэлцийтэл дэвтээгээд эргүүлж, шүүж аваад хуванцар саванд хийгээд тавьчихад ургаж байгаа юм. Хөдөөгийн нөхцөлд юмханаар юм хийхгүй бол болохгүй. Заавал тарьдаг тугай сав авна гээд хайвал хаанаас ч олдохгүй юм болно. Тиймээс энд тэнд зөндөө хэвтэж байдаг хуванцар савнуудыг голоор нь тайраад хэрэглэхэд болж байна.
-Тариалахад хүндрэлтэй зүйлс байв уу? Ургахгүй бол яах вэ гэж бодсон уу?
-Монгол гэр шөнө хүйтэн хонодог болохоор ургац муу. Гэхдээ бага ч гэсэн ургасан. Гэрт их л олон тавиур хийж тавьсан хэдий ч зай их эзэлж байгаа. Гэрийн нөхцөлд цөөн тооны малд бол болж байна. Өндөр ашиг шимтэй фермийн үхэр зэргийн хэрэгцээг хангахын тулд тариалах байнгын дулаан байдаг байр хэрэгтэй. Хөдөө нэгдсэн халаалт, цахилгаан байхгүй болохоор бас их хэцүү юм. Нараар халдаг ч юм уу байгальд ээлтэй, тогтмол дулаан гаргадаг зүйлтэй бол амар байна.
Дулаанаа халгалдаг томхон байр савтай болоод ахиухан хэмжээгээр тариалбал малчдад хэрэгтэй эд байна.
-Хэзээнээс малаа тэжээж эхэлсэн бэ?
-Тариалж эхлээд хоёр гурав хоноод л ногоо цухуйгаад эхэлсэн. Тэгээд үхэртээ өгсөн. Бог малын тарга тэвээрэг гайгүй байсан болохоор өгөөгүй. Тийм хурдан ургана гэж бодоогүй. Би дээхэн нэг жил сум хөгжүүлэх сангаас хэдэн төгрөгийн зээл аваад зүүн аймгаас фермийн үхрийн 43 тугал авч ирсэн юм. Тэдний тугалын тугал гээд хоёр гурван үе дамжиж байна. Фермийн үхрийн тугал болохоор их тэжээл шаарддаг юм билээ. Тэгээд л ямар нэгэн арга сүвэгчлэх шаардлагатай болсон. Янз бүрийн зүйлээр тэжээж байв. Энэ жил харин энэ “Хөрсгүй тариалалт” гэдгийг мэдээд тариалж эхэлсэн юм. Их хэмжээгээр тариалж чадаагүй болохоор бага хэмжээгээр хивэг тэжээлтэй холиод бага зэрэг өгсөн. Дангаар нь өгч чадаагүй.
Ургаад эхлэхээр урам авна шүү дээ. Эхнэр, хүүхдүүд “ёстой гоё ургадаг юм байна” гээд гэр бүлээрээ тариалж байна. Хээл нь хүндэрсэн өргүүлж байсан үхэрт хэдхэн хоног өгөхөд нүд нь бүлтгэнээд босоод ирсэн, өргүүлэхээ болиод саяхан тугалсан. Эх мал жилбэ сайтай төллөж байна.
-ЗАВ ГАРГААД ХӨДӨЛМӨРЛӨЖ Л ЧАДВАЛ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ-
-Хэн нэгнээр заалгалгүй өөрөө заавар хараад хийсэн гэсэн үг үү?
-Тийм. Би өвөлжөөн дээрээ хоёр га газар хашаад чацарганы мод бас бус юм тарьдаг. Ургамал тарих дуртай. Увсын чацарганы 700 ширхэг суулгацыг 2014 онд суулгасан. Хоёр янз ургадаг юм билээ. Одоо ургац их авч байгаа. Манай нутагт миний тарьсан чацарганаас өөр чацаргана ургадаггүй болохоор хүмүүс ирээд түүе гэдэг “мод л битгийн хугалаарай” гээд түүлгэдэг. Сумынхан маань жил бүр өөрсдийн хэрэгцээний чацарганаа түүж аваад явдаг даа. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэгт өгдөг. Үлдсэн талбайдаа багахан хэмжээний төмс, саримс, таримал болон зэрлэг сонгино тарьдаг. Зэрлэг сонгинодоо их хайртай учраас огт ухаж авдаггүй. Их сайхан ургаж байгаа. Би гурван охинтой ганц хүүтэй. Гурван охиндоо машины дугуйд цэцэг тарьж өгсөн. Их үзэмжтэй харагддаг юм билээ. Нэг мэдэхэд гэр бүлээрээ тариалдаг болчихсон байна.
-Мал маллахын зэрэгцээ энэ их тариалалтын ажлыг яаж хийдэг вэ?
-“Завгүй байна” гээд бодоод байвал хэнд ч зав гарахгүй. Зав зай гаргана. Зарим зүйлс дээр бүл, хүч дутагддаг л юм. Тэр бүгдийг зохицуулаад л явна. Ганц хүү минь цэрэгт яваад ирсэн. Их тус болж байна. Би чинь найман тоннын даацтай ачааны тэрэгтэй. Зуны цагт ийш тийш давхина. Өвлийн цагт Улаанбаатарт амьдардаг ах дүүдээ явуулж байгаа идэшний махыг нь малчдаасаа ачиж аваад хүргээд өгчихдөг. Зав гаргаад хөдөлмөрлөж л чадвал болохгүй зүйл гэж юу байхав.
-БИ ЗҮГЭЭР СУУХ ДУРГҮЙ ХҮН. СЭТГЭЛТЭЙ, АЖИЛТАЙ БАЙВАЛ ӨӨРСДӨД МААНЬ Л ХЭРЭГТЭЙ-
-Таны туршлагыг нутгийн хүмүүс хэрэгжүүлэх санал тавьж байна уу?
-Саяхан сумын засаг дарга ирж уулзаад явсан. Хөдөөгийн малчдад их хэрэгцээтэй зүйл болохоор сургалт зохион байгуулна гэж байгаа. Сум оруулаад халаалттай байранд тарина гэхээр өнөөхөө зөөх гэж нааш цааш явах болно. Хөдөө нарны халаалтаар шийдчихвэл бүр боломжийн болохоор байна. Хүмүүс сонирхоод үзэж хараад “би хийе яаж тарих вэ” гээд асуугаад явдаг боловч яг тарьсан хүн байхгүй. Зүгээр л улаанбуудай аваад тарьж байгаа юм. Хүмүүс тусгай суулгацаар тарьж байна гэж ойлгож байна.
-Малчид шинэ ногоо гарах үе хүртэл улаан буудай тариалаад байх боломжтой юм байна. Тийм үү?
-Ер нь бол боломжтой. Хавар дулаараад гурван сар гараад ирэхээр бүр сайн ургаж байна. Сүүлийн тариалалтууд их хурдацтай ургаж байгаа. 20-30 сантиметр ургадаг болсон. Хайчлаад өгч үзсэн. Мөн үндсээр нь хайрцагнаас нь суллаад ч өгч байгаа. аль аль нь болохоор юм билээ. Янз янзаар туршиж үзэж байна.
Ногоо одоо л дөнгөж гуу жалгандаа цухуйж эхэлж байна. Түүнийг нь мал идэж чадахгүй үнэрлээд улам ганхана. Ийм үед их тус дэм болох юм билээ. Нэг идсэн мал бүлтгэнээд дагаж давхиад салахгүй байгаа. Өнөөхөө идэх гээд хамар, амаа долоогоод л хүрээд ирнэ. Шим тэжээлийн хувьд янзын сайн юм байна.
-Залуусдаа хандаж хэлэх зүйл байна уу?
-Малчиддаа хэлэхэд мал мал гээд завгүй байх биш яаж ийж байгаад зав гаргаад юмханаар юм хийгээд хүн хийж болж байгаа зүйлийг хэн ч байсан хийж болно. Сэтгэл байвал бүх зүйл бүтнэ. Амраад хэвтэж байхын оронд ургамалаа услаад сууж байвал зүгээр шүү дээ. Би зүгээр суух дургүй хүн байгаа юм. Сэтгэлтэй, ажилтай байвал өөрсдөд маань л хэрэгтэй юм даа.
-Ярилцсанд баярлалаа.