С.Зориг агсны хэрэгтэй холбогдох зарим материал, бичлэгүүдийг ил болгох тогтоолыг ЗГ-ын хуралдаанаас гаргасан. Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж шүүхээс ял авсан Т.Чимэгээ, Ц.Содномдаржаа нарыг хэргийг дахин хянах боломж гарсан учраас суллах ёстой гэсэн байр суурийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж болон зарим хуульчид илэрхийлээд байгаа.
Тэгвэл шүүх эдгээр иргэдийг эрүүдэн шүүсэн, хэлмэгдүүлсэн гэж үзвэл Т.Чимэгээ, Ц.Содномдаржаа нар суллагдах боломжтой эсэх талаар хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн хэвлэлд өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг эргэн хянах боломжтой. Хуурамч нотлох баримт, тэмдэглэгээ, баримт бичгийг үндэслэж шийдсэн нь тогтоогдсон, шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж тодорхойлсон. Энгийнээр хэлбэл, тухайн этгээдийггэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон нотлх баримт хууль зөрчиж цуглуулсан нь үүнд хамаарч болох юм.
Гэрч Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдчихлоо гээд шууд суллах үндэслэл бүрдчихгүй л дээ. Хэрвээ тийм байсан бол одоо суллагдчихсан байх ёстой шүү дээ. Шинээр илэрсэн нөхцөл байдалд үндэслэж шүүхийн шийдвэрийг эргэж харах нь өөрөө хуульд заасан процессын дагуу явагддаг. Тодруулбал, юуны өмнө шинээр нөхцөл байдал үүсэн талаар прокурорт хүсэлт гаргах ёстой. Өмнө нь дурдсан нөхцөл байдлуудын аль нэг нь үүссэн гэж үзвэл прокурор хэрэг үүсгэх тогтоол гаргаж, өөрөө хянан шалгах, шаардлагатай бол мөрдөгчид даалгавар өгч ажиллагаа хийлгэнэ. Магадгүй прокурор шинээр нөхцөл байдал илрээгүй байна гэж үзээд хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж ч болно.
Мөн прокурор хэрэг үүсгэсэн тохиолдолд шаардлагатай ажиллагааг хийсний дараа хэргийг сэргээх тухай дүгнэлтээ шийдвэрлэсэн шүүхийн дээд шатанд, одоогийн тохиолдолд хяналтын шатны шүүхэд гаргана. Шүүх дүнэлтийг хүлээж авахгүй байж болно. Хүлээн авсан тохиолдолд анх шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин хэлэлцүүлэх шүүхийн харьяаллыг тогтоон буцаах, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаадаг хуультай.
Дээрх процессын дагуу хэргийг ердийн бусад хэргийн адил эхнээс нь дахин хянаж шийдвэрлэнэ. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруутай гэсэн шийдвэр гаргах ч боломжтой. Шүүх хэргийн шийдвэрлэхдээ хууль зөрчиж буюу эрүүдэн шүүж цуглуулсан нотлох баримтыг хасаад хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх учиртай. Тэгэхээр Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй нь тогтоогдчихлоо, гэмт хэрэг үйлдээгүй юм байна, одоо шууд суллагдах нөхцөл байдал бүрдчихлээ гэдэг нь өрөөсгөл ойлголт байгаа" гэжээ.