Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн түүхт өдөр Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн нээгдэв.
Үзэсгэлэнг Монгол Улсын Архивын ерөнхий газар, ОХУ-ын ШУА-ийн архив, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Үндэсний музей, МОНЦАМЭ агентлаг, Монгол цэргийн музей, Монголын уран зургийн галерей, Монголын аеронастикийн холбоо, Дү-дү хүүхдийн сансрын музей, Монголын сансрын технологийн холбоо, "Марс-В" төсөл, "Монсаат" болон МУИС-ийн "Мазаалай" хөтөлбөр зэрэг байгууллагаас зохион байгуулж оролцлоо.
Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалж буй Монгол Улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан конвенциудад нэгдсэн тухай, ЗХУ-ын сансрын нисэгчдэд “БНМАУ-ын баатар” цол олгосон зарлигууд болон Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулсан ховор гэрэл зургууд болон сонирхолтой баримтуудыг анх удаа дэлгэн үзүүлж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, сансрын нисэгч М.Ганзориг болон Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, сансрын багийн гишүүн, хурандаа С.Сайнцог нарыг нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор тус тус шагнасныг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардуулав.