Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Батхүү агсны хэргийг хаахыг хүлээн зөвшөөрөхгүй, эзэн холбогдогчийг тогтоох хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 15 секунд

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны талаар мэдэгдэл хийлээ.

Мэдэгдэлдээ, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны Баасан гаригт Төрийн ордон дотор цаг бусаар амиа алдсан эмгэнэлт хэрэг явдлаас хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг маш нууцын зэрэглэлтэйгээр “бусдын гарт амиа алдсан” гэх үндэслэлээр гүнзгийрүүлэн шалгахаар болсон. Гэтэл саяхнаас ажлын хэсэг “Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн,  амиа алдахад хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар “хэргийг хаах санал”-аа Нийслэлийн прокурорт гаргасан гэсэн мэдээ гарах боллоо. Төрийн ордон бол тусгай хамгаалалттай объект. Хээр хөдөө, ой шугуй, хүнгүй талд бус чанд харуул хамгаалалттай Төрийн ордонд хүн амиа алдсан хэргийг ийм учир битүүлгээр илрүүлэхгүй, хаагаад байх юм бол өнөөдөр Монгол улсад хууль хяналтын байгуулагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэх, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг эсэхэд асар том эргэлзээ үүсэх нь дамжиггүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хэрэгт анхаарал тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газарт удаа дараа анхааруулсан. 2020 оны нэгдүгээр сарын 20-нд өмгөөлөгч Ж.Батхуяг хэд хэдэн ноцтой зүйлд олны анхаарлыг хандуулах мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Нэгдүгээрт, энэ хэрэг дээр шүүх эмнэлгийн багийн дүгнэлт эцэслэж гарсан. Дүгнэлтэд, талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөл, хавдалт үүссэн. Хоёрдугаарт, … хүзүүний зүүн хажууд улайлт үүссэн. Энэ бол боолтын улмаас үүсч болдог улайлт. Гуравдугаарт, “Өвчний улмаас ухаан алдаад уначихлаа” гэсэн мэдээлэл гарсан. Дүгнэлтэд өвчний улмаас цус харваагүй.  Харин гэмтлийн улмаас цус харвасан гэсэн. Дөрөвдүгээрт, мөрдөн шалгах ажиллагааны журмаар УИХ-ийн нэр бүхий гишүүнээс тодруулга авсан. Тавд, цагдаагийн байгууллагаас гар утсыг шинжлүүлэхээр томилсон шинжээч нь юун түрүүнд гар утасны гадаргуу дээр нь биологийн ул мөр байгааг тогтоох ёстой байсныг шалгаагүй. Утсыг гэр бүлийн гишүүдэд өгөхөд доторх бүх мэдээллийг устгасан байсан. Гаргасан дүгнэлт дээр нь “Гар утсыг хүлээж аваад танилцахад ямар ч мэдээлэл байгаагүй” гэж тодорхойлсон. Мөн “талийгаачийг MRI аппаратаар харуулах саналыг шинжилгээний байгууллагад тавьсныг хүлээж аваагүй. Тиймээс шүүхийн  шинжилгээ, оношлогоог дутуу хийсэн” хэмээн үзэж байна гэж өмгөөлөгч Ж.Батхуяг мэдэгдсэний дараа түүнд мөрдөн байцаалтын нууц задалсан гэх ял тулгасан байдаг. Цагдаагийн газраас “Өмгөөлөгч Ж.Батхуяг… мэдээлэлдээ амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлтүүд, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдүүдийн бичсэн хуурамч зурвас, мэдээ мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлсэн” хэмээн буруутгагдаж хэрэг нээн шалгаж байгаагаа мэдэгдэж байжээ.

Энэ хэргийг тойрсон учир битүүлэг зүйлс олон байгаа бөгөөд одоогоор хууль хяналтынхан иргэдийн эргэлзээг тайлсан нэг ч тайлбар, нотолгоог гаргаагүй байгаа юм. Цагдаагийн хурандаа Б-ийн хүү Г гэх этгээд талийгаачийн нас барсан үетэй холбоотой 13 секундийн бичлэг байгаа гэж ар гэрийнхэнд мэдээлж байсан. Гэтэл удалгүй залилангийн хэргээр ял авсан. “13 секундын бичлэг хийсэн гэх зураглаач гэртээ учир битүүлгээр нас барсныг олсон" гэх мэдээлэл үгүйсгэсэн болон нотолсон ямар ч хариултыг хуулийнхан өгөөгүй зэрэг маш олон эргэлзээ олон нийтэд хадгалагдсаар байгаа юм.  Хэрэг дөнгөж гарсан даруйд мэдээллийн сайт, телевизүүдээр эрүүл мэндийн байдлаас болж нас барсан гэх урьдчилсан дүгнэлттэй мэдээллүүд цацагдсан. “Зүрх нь гэнэт хаагджээ”, “Биеийн байдал нь хүнд байсан гэнэ”, “Хорт хавдартай байжээ”, “Даралт нь ихсээд харвалт өгсөн бололтой” зэрэг ташаа мэдээллүүдийг тарааж байсан эх сурвалж тогтоогдоогүй. Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын дэд дарга хүн амь насаа алдсан хэрэгт хуулийн байгууллага хайнга хандаж, яаран хэргийг хаах санал хүргүүлж байгаа нь С.Зориг агсаны хэргийг улс төрд, сонгууль бүрийн өмнө ашиглан шуугиулдагтай адил хэрэг болгон даамжруулах вий гэсэн хардлага, болгоомжлолыг төрүүлж байгаа тул хэргийг баттай шалгаж, нэг мөр мухарлан шийдвэрлэхийг Цагдаагийн газар, холбогдох хууль хяналтын байгууллагуудаас шаардаж байна. Талийгчийн ар гэр, найз нөхөд, журмын нөхдүүд нь хуулийн байгууллагад итгэж хоёр жил хүлээсэн, харин хэргийг учир битүүлэг хаахыг хүлээн зөвшөөрөхгүй тэмцэх болно. Гэмт хэрэг үйлдсэн хэн ч ял зэмээс мултрах ёсгүй, гэм зэмгүй хүмүүс хилс хэрэгт унаж, яллагдан шийтгэгдэх ч ёсгүй. Үнэн мөнийг баттай тогтоож, хууль ёсыг шударгаар хэрэгжүүлэх нь төрийн албан хаагчдын үүрэг болохыг хатуу сануулж байна" гэлээ.

 

Орон нутгаас ирсэн нийт 80 гаруй эмч, тархвар судлаач, сувилагч, жолооч нийслэлд ажиллана
Орон нутгаас ирсэн нийт 80 гаруй эмч, тархвар судлаач, сувилагч, жолооч нийслэлд ажиллана
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.