Ulaanbaatar.mn сайтад өнөөдөр нэгэн мэдэгдэл оруулахдаа нэхэмжлэхийн зургийг Хотын даргын зурагтай эвлүүлж, дээр нь "худал мэдээлэл" гэх улаан тамга даржээ. Гэвч мэдэгдлийг НОК-оос гаргажээ. Гэтэл яагаад Хотын даргын зургаар зурагжуулах болсон нь анхаарал татлаа. Хартал нэхэмжлэх нь, НОК-т "Бэстланд" ХХК-аас гаргасан 8694000 төгрөгийн каракуль малгай, каракуль захны төлбөрийг нэхэмжилжээ.
Мэдэгдлийн агуулгад,
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.1 заалтыг дурьдаад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд комиссын гишүүд нь тухайн газар оронд биечлэн ажиллаж шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах, хяналт, тандалт судалгаа хийх зэргээр эрсдэлтэй нөхцөлд гамшгийн голомтод ажиллах зайлшгүй шаардлага үүсдэг.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”,
- 15.2-т “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна”,
- Нийслэлийн Онцгой комиссын ажиллах журмын 3.1.3-д “Онцгой комиссын гишүүд нь Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, шуурхай хариу арга хэмжээ авах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах хувцас хэрэгслээр хангагдана” гэж заасан.
Онцгой комиссын бүрэлдэхүүнд цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцсыг хууль тогтоомжийн хүрээнд захиалсан болохыг хариуцлагатай мэдэгдье. Өнөөдрийн байдлаар хувцас хийгдээгүй байгаа бөгөөд Нийслэлийн онцгой комиссын Шилэн дансанд байршуулсан ил тод мэдээллийг хэвлэлээр гаргаж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаад харамсаж байна. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
Энэхүү мэдэгдлийн зурагт байгаа нэхэмжлэх дээрх "Бэстланд" ХХК-ийн 70136060 дугаарын утас руу залгалаа.
Тус компани нь 2018 онд БХЯ-ны захиалгаар 63 сая төгрөгийн каракуль малгай, зах нийлүүлж байсан гэдгийг илтгэх баримт "Google"-д хадгалаатай байх аж...
Тус компани нь каракуль үсийг гадаадаас оруулж ирээд малгай, зах, шуба оёж зардаг юм байна. Утсаар ярьсан эмэгтэй "Манайх НОК-оос оны өмнө захиалга аваад гүйцэтгээд дууссан ажил. Улирлын чанартай захилгын ажил шүү дээ. Буянгийн Жаргалсайхан хүртэл сошиалд энэ талаар бичээд байх юм. Ямар сонин юм бэ. Манай компани угаасаа бүх хүчний байгууллагатай гэрээтэй ажилладаг" хэмээн хэлэв.
Тус компани нь каракуль малгайгаа 650 мянган төгрөг, каракуль захаа 300 мянган төгрөгөөр худалдаалдаг аж. Багцаараа 950 мянган төгрөг болно хэмээн компанийн ажилтан хэллээ. Тэгэхээр дээрх мэдэгдэлд дурьдсан "Өнөөдрийн байдлаар хувцас хийгдээгүй байгаа..." гэсэн нь худал бөгөөд "Худал мэдээлэл" гэх тамгатай худал мэдэгдэл болж таарлаа...
Мэдэгдэлд дурьдсан хууль тогтоомжийн тухай,
Дээрх хууль тогтоомжийн заалтууд "Тухайн ажилтанд ажил олгогч нь ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх хувцас хэрэглэлээр хангана" гэх утгатай аж. Мэдээж энэ бол зүйн хэрэг. Гэхдээ каракуль малгай, зах бол цэрэг, цагдаа, хууль, хүчний байгууллагынханы том цолтойг илтгэх гангараа. Онцгой дэглэмийн үед заавал зайлшгүй захиалж, өмсөх өмсгөл биш баймаар... Манай улс төдийгүй дэлхий нийтийн цар тахал цочироож байхад танаж болох зардлаа танаад, гол зүйл рүүгээ чиглэн ажиллавал ямар вэ... Халдварын тархалт улсыг нөмрөөд авбал хэзэээ нь каракуль малгай, захаар гангарах вэ, дарга нараа...