Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Харанга” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр түүхт ойг угтаж салбарын хэмжээнд хийж байгаа ажлуудаас дурдаад, Зэвсэгт хүчний өнөөгийн байдал, ололт амжилтын талаар товч мэдээлэл өгөв. Үүний дараа “Харанга” хамтлагийн уран бүтээлчид Зэвсэгт хүчний түүхт ойд зориулан зохиосон “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” нэртэй шинэ уран бүтээлээ өлгийдөн авснаа сайдад танилцууллаа. Улмаар сайд тэдэнд хандаж хэлэхдээ “Зуун жилийн ойн босгон дээр туурвисан уг бүтээл нь салбарын хэмжээнд гэлтгүй Монголын ард түмний сэтгэлийг хөндөх сайхан дуу болжээ. Та бүхний цаашдын уран бүтээлд амжилт хүсье” гэсэн юм.
“Харанга” хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай “Манай хамтлагийн гишүүд армид бүгд ахлагч явсан хүмүүс. Хэдий бид өдгөө 60 гаруй настай ч уран бүтээлээ туурвисаар жавхаатай яваа нь цэргийн албаны ач гавьяа гэж боддог. Эр хүн цэрэгт явснаар тэсвэр хатуужил, тэвчээрийг олж авдаг. Зэвсэгт хүчний 100 жилийн ой гэдэг нь бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй баяр учраас БХЯ-тай хамтран ажиллах санал тавихад бид талархалтайгаар хүлээж авсан юм. Уг ажлын хүрээнд хамтлагийн гитарчин УГЗ Ц.Чулуунбат үг, аяыг нь бичиж, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчидтэй хамтран энэ дуугаа өлгийдөн аваад удаагүй байна. Ирээдүйд эр хүн бүрийн дуулах дуртай жагсаалын дуу болно хэмээн найдаж байна” гэв.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам