Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг урьж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, иргэн бүрийн сонгуульд оролцох оролцоог тэгш хангах талаар ярилцлаа.
Уулзалтаар:
- хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах,
- тэдгээрт сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаарх ухуулга сурталчилгааны ажлыг үргэлжлүүлэн хийх, сайжруулах,
- урьдчилан хорих байранд цагдан хоригдсон болон тусгаарлах байранд байгаа иргэдийн сонгох эрхийг хуульд заасан шаардлагын дагуу хангуулах талаар ярилцлаа.
Мөн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, энэ чиглэлээр Хүний эрхийн үндэсний комиссоос эрхлэн гаргадаг сонины тусгай дугаарт материал нийтлэх, сонгогчдод болон сонгуульд оролцогсдод зориулсан зөвлөмж гаргахаар боллоо.
Гадаадад байгаа иргэдийн саналыг цахимаар авах боломжийг судлан энэ тухай зөвлөмж гаргахыг Хүний эрхийн үндэсний комиссоос хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн алба хаагчдын сонгох эрхийг хангах талаар шинээр орсон заалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.
Сонгуулийн ерөнхий хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг төрийн байгууллагууд дотроос анхдагч болон хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас эхлэн байгууллагын вэбсайтыг сул хараатай иргэдэд зориулсан хувилбартай болгож, 2020 оны 1 дүгээр сарын 15-нд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлыг дохионы орчуулгатай хүргэсэн юм. Мөн сонгуулийн дүн мэдээний хэвлэлийн хурлыг тэжээгч орчуулагчтай хүргэх, олон улсын дохионы хэлээр нийтэд хүргэх ажлыг сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтран хийжээ.