Олимпийн наадам дөхөж байгаатай холбогдуулан Токио хотод байрладаг контент үйлдвэрлэгчид олон улсын далбаануудыг анимэ самурай дүрийн төрхөнд оруулж, уламжлалт япон хувцас өмсгөж зохиомжлох төсөл эхлүүлжээ. Энэ нь үндэстнүүдийн хоорондын ойлголцлыг бэхжүүлэхэд тусална гэж найдаж байгаа гэнэ.
Энэхүү төслийг санаачлагч Кама Ямамото дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст олон улсын өвөрмөц байдал, соёлтой танилцахад хөгжилтэй байдлаар туслах болно хэмээжээ. Тэд хэд хэдэн түншүүдтэй хамтран ажиллаж цөөн хэдэн загварыг гаргасан байна.
Ямамото хэлэхдээ “Төсөлд самурай, анимэ дүр хоёр гол элемент болж орно. Өсвөр насныханд хүртэл хөгжилтэй, содон санагдах байдлаар дэлхийн улсууд энэхүү төсөлд нэгдэж болох юм” гэжээ.
Тэд төслийг хэрэгжүүлэхэд улс бүрийн бэлгэ тэмдэг, онцлогийг жижиг элемент хэрэгслээр дамжуулан харуулахаа мэдэгджээ. Харин Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулагчид энэхүү санаачилгыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа гэнэ. Улс орны далбаанаас санаа авсан аниме дүрүүдийн загвар бэлэн болмогц төслийн албан ёсны твиттер хуудсанд танилцуулж байгаа аж.
Эх сурвалж: Kyodo news