Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Галбадрах: Ломбардуудын мөрдөх түр хууль бол “ялгаварлан гадуурхсан хууль”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 51 секунд

Цар тахлын үед иргэд барьцаалан зээлдүүлэх газар эд зүйлээ тавьж зээл авах нь эрс нэмэгдсэн гэж үзэн УИХ-аас барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүг ирэх долдугаар сарын 1 хүртэлх хугацаанд сарын гурван хувь, алдангийг 0.2 хувиас тус тус хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан.

Уг хуулийг хэлэлцэж байх үед барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид "Түр хууль батлагдсан нөхцөлд хаалгаа барихаас өөр сонголтгүй болно" хэмээн мэдэгдсэн юм. Манай сайтын зүгээс тэдгээр ломбардуудын төлөөлөл болсон хувьдаа барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг иргэн О.Галбадрахтай уулзаж өнөөгийн нөхцөл байдал болон уг асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

ОДОО БОЛ ХУЛГАЙН ЗҮЙЛ АВАХ НЬ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД БУУРСАН

-Анх хэдэн онд барьцаалан зээлдүүлэх газраа нээж байсан бэ?

-Нээсэн цагаас хойш 5-6 гаруй жил өнгөрсөн байна.

-Ломбард ажиллуулахад ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?

-Хуурамч эд зүйлс маш их байдаг. Эвдэрхий гар утас, нөүтбүүк, хуурамч монет, алтаар хуурах тохиолдол их бий. Одоо бол хулгайн зүйл авах нь тодорхой хэмжээнд буурсан. Сүүлд нэгдсэн программ дээр мэдээлэл сайн ордог болсон учир хулгайч нарт үйлчлэхгүй байгаа.

-Нэгдсэн программ гэдгээ дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

-2018 онд ломбардуудын стандартыг Стандартчилал хэмжил зүйн газраас тогтоосон. Нэр нь “MNS 6423:2003гэсэн стандарт бий болсон. Үүнд бүх ломбард нэгдсэн цогц системтэй байдаг. Цагдаа нартай уялдаа холбоотой байснаар хулгайч нарын ломбардаар үйлчлүүлэх боломж хаагдсан гэсэн үг. Үйлчлүүлж буй хүний регистрийн дугаарыг тус программд оруулахад өмнө нь хулгай, болон залилан хийж байсан эсэх нь гарч ирдэг.

-Бүх ломбардууд хамрагдаж чадаж байгаа болов уу?

-Ер нь бол хамрагдах ёстой. Энэ бол маш сайн стандарт бий болсон . Үүний ерөнхий стандартуудаас сонирхуулбал, ажлын байр 20 мкв /хамгийн багадаа/ байх ёстой, нэгдсэн программ болон харуул хамгаалалттай байх, камержуулалт, мэдээллийн самбар гэх мэт олон зүйлсийг зааж өгсөн байдаг. Энэ стандартыг мөрддөг ломбардууд байгаа ч мөрддөггүй цөөн хэдэн ломбардууд байна. Стандартаа мөрдөж байгаа газрууд хүндээ зориулж үйлчилдэг. Мэдээж хэрэглэгчээ татахын тулд тодорхой хэмжээний зардал гаргаж, стандартаа мөрдөх л хэрэгтэй.

БИД ЭНЭ ХУУЛИАР АЖИЛЛАВАЛ ТҮРЭЭСЭЭ Ч ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРНЭ

-Энэ сараас эхлэн ломбардын хүү сарын гурван хувь, алдангийг өдрийн 0.2 хувь, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх үүрэг хүлээж байгаа. Хуулийг хэрэгжүүлэхэд асуудал үүсэх үү?

-Цар тахлын үед хэрэгжүүлэх түр хууль гаргасан. Гэвч энэ нь зөвхөн ломбарданд үйлчилнэ гэж байгаа юм. Банкинд болохоор хүүг нь буулгасан ч төв банкнаасаа татаас, тэтгэмжээ авчихаж байна. Банк бус санхүүгийн байгууллагад бол хүү нь хэвээрээ үйлчилж, барьцаа хөрөнгийг нь хурааж авна. Түр хууль бол ялгаварлан гадуурхсан хууль батлагдсан. Яагаад гэхээр банк сарын 0.2 хувиар хүүгээ буулгасан ч эрсэдлээ бодож давхар хадгаламжын хүүгээ буулгачихсан. Нэмээд төв банкнаасаа татаас аваад эхэлсэн. Би өчигдөрхөн нэг банк бус руу ороод сарын хүүг нь асуухад 3.75 байгаа юм. Энэ хүүг буулгах хуулийн тухай мэдэгдэл ирээгүй, зөвхөн ломбард хамаатай гэж байна. Саяхан нэг залуу талбай дээр байсан даа. Банк бус санхүүгийн байгууллагад карентиний үеэр машинаа хураалгасан гэж хэлж байсан. Харин ломбарданд байсан эхнэрийнх нь ээмэг бөгжийг барьцаалсан зээлийн хугацаа нь хэтэрсэн хэдий ч цааш зараагүй түр хадгалж байя гэж хэлсэн байгаа юм.

Банк хүний орлогыг харж зээл өгдөг бол банк бус нь хөрөнгөнд тулгуурладаг. Харин ломбард хүнд нь тулгуурлаж зээл өгдөг. Ломбард бол үйлчлүүлэгчийнхээ асуудлыг нь сонсож түүнд нь туулгуурлан харилцан тохиролцож уян хатан хэлбэрээр ажиллана шүүдээ.

Долдугаар сар хүртэл энэ хуулийг мөрдөнө гэвэл ямар ч ломбард оршин тогтнож чадахгүй. Миний мэдэхийн 20 орчим ломбард хаалгаа барьж байна. Энэ хуулийг хэрэгжүүлж эхлэх бол нэг ломбард сарын 2 сая гаран төгрөгийн алдагдалд орно. Сараар нь үржүүлээд үзэх юм бол энэ тоо бүр их болно. Дээрээс нь хугацаа хэтэрсэн зээлийг үүргийн гүйцэтгэл хийхийг нь хориглочих юм бол барьцаанд байгаа зүйлсийн үнэ долдугаар сарын 1 гэхэд навс унана. Жишээ нь Монгол банкны ханшаар алт нэгдүгээр сарын 25-нд 177 мянган төгрөг байсан бол одоо 153 мянга болчихсон. Сарын дотор гэхэд л 13 хувиар унасан байхад долоон сарын дотор хэдэн хувиар унахыг хэн ч мэдэхгүй. Миний хувьд бол энэ хуулийг хэрэгжих боломжгүй гэж харж байна.

-Түр журам үргэлжлэхээр болбол ломбардаа ажиллуулах уу?

Энэ хуулийг ойлгомжтойгоор илэрхийлбэл хүнсний дэлгүүр байлаа гэхэд гэнэт хүмүүс орж ирээд, Цаг үе хэцүү байна. Чи наад барааныхаа 70 хувийг үнэгүй тараа. Харин үлдсэн 30 хувиа үнээр нь зар. Гэхдээ татвар нэмэгдэж байгаа шүү гэж хэлэхтэй агаар нэг байна.

 

Ингэхээр тэр дэлгүүр яаж оршин тогтнох вэ? Өнөөдөр ломбардуудад ийм л асуудал тулгараад байна. Хэрэв энэ хуулиар ажилла гэвэл миний хувьд ломбардаа хаахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Бид энэ хуулиар ажиллавал түрээсээ ч төлж чадахгүйд хүрнэ.

ДЭЛХИЙН АЛЬ Ч ОРОНД ЛОМБАРДНЫ ДУНДАЖ ХҮҮ 5-8 ХУВЬ БАЙДАГ

-Ирэх долдугаар сарыг хүртэл барьцаа хөрөнгийг борлуулахгүй байх боломжтой юу?

-Гар утас, компютер маш хурдтайгаар хөгжиж технологи нь шинэчлэгдэж байдаг. Үүнийгээ дагаад өмнөх загварын үнэ маш хурдтайгаар буурч байдаг. Ломбард бол хуучин барааны зах зээл дээр ажилладаг. Үүнийг хүмүүс дэлгүүрийн лангуу дээрхи шинэ барааны үнэтэй андуурч ойлгодог. "Теди" төв дээр Iphone12pro max утас нь 4’860’00 гэж байхад нэг сар хэрэглэсний дараа хүмүүс хоорондоо 3’850’000 зарж байна. долдугаар сарын 1 гэхэд хэдэн төгрөгний үнэтэй болхыг мэдэхгүй шүү дээ.

Хууль хэрэгжээд ломбардууд ажиллахаа болилоо гэж бодоход утсаа барьцаалан бичил санхүүгээ шийддэг байсан хүмүүст зээл олгох газар олдохгүй тул гар дээрээс шууд зархаас өөр аргагүйд хүрнэ. Ингээд нийлүүлэлт ихсэх тусам аливаа барааны үнэ огцом буурдаг. Нэг ёсондоо ломбард байснаар иргэдийн эд зүйлс нь эргэлтэнд ордог гэсэн үг. Эргэлтэнд орохгүй бол үнэ нь буурах цаг хугацааны асуудал.  

-Энэхүү хууль хэрэгжиж эхлэхэд олон ломбард үүдээ хаахаас өөр аргагүйд хүрч байна гэлээ. Ингэж олноор хаагдсаны сөрөг нөлөө юу вэ?

Ломбард байсны ашиг тус бол зөндөө. Банкны дээд хүүг банк бусуудын өрсөлдөөн тогтоож байгаа. Харин банк бус болоод цахим зээлийн үйлчилгээнүүдийн  хүүний дээд хязгаарыг ломбардуудын өрсөлдөөн тогтоож байна. Ломбардын өрсөлдөөн бол Монголд маш ширүүн байдаг. Хэдэн жилийн өмнө гадны улсаас ломбард орж ирж хэсэг ажиллаад өрсөлдөөн ихтэй тул бууж өгөөд гараад явсан байдаг. Дэлхийн аль ч оронд ломбардны дундаж хүү 5-8 хувь байдаг. Үнэлгээ нь 50-80 хувь. Ломбард байхгүй болбол хүмүүсийн эд хөрөнгө үнэ цэнээ алдана. Мөн монополи эрх зонхилно. Далд эдийн засаг буюу өдрийн зээл асар хурдтай хөгжинө. Нэг л өдөр Банк бус болоод цахим зээлийн үйлчилгээнүүд зээл өгөхдөө хүссэн хүүгээ хэлж магадгүй юм. Ломбард муу нэртэй жижиг нэгж боловч татвараа төлж улсад хувь нэмрээ оруулсаар ирсэн. Өрсөлдөөний зарчмаар явдаг зах зээлийг төр боймлох нь буруу юм. Ингээд өрсөлдөөнгүй газар үнээ дураараа тогтооно. Хууль хэрэгжвэл мянга гаран аж ахуйн нэгж хаалгаа барьж үүнийг дагаад 1800 орчим ажлын байр үгүй болно.

Энэ түр хуулинд банк, банк бусууд бас дагаад хүүгээ 70 хүртэлх хувиар адилхан багасгавал шударга. Хүчгүй жижиг нэгжүүдэд хэцүү байдлыг тулгавал үүнд ямар ч шударга зүйл алга.

-Ярилцлагын төгсгөлд хэлэх үг бий юу?

Монголд хэрэгжих гээд байгаа түр хуулийг Англи улсад хэрэгжүүлэхэд ломбардууд нь зөвшөөрсөн. Учир нь төрөөс ломбардны зардлыг нь даагаад ашиггүй ажиллуулсан байгаа юм. Түүнээс биш манай улс шиг шууд алдагдалд ороод хаалгаа барьгэж тулгаагүй. Судалгаанаас харахад 1990 онд зах зээлд шилжихэд Монголын эдийн засгийг ломбардууд нуруун дээрээ үүрэлцэж ирсэн. Хүмүүсийг бэлэн мөнгөтэй байлгасан гэсэн үг. Дэлхийн олон оронд ломбард байдаг.

Үнэхээр энэ салбар буруу юм бол эдийн засаг өндөр хөгжсөн Америк, Орос, Япон, Хятад зэрэг улсууд яагаад Ломбардыг байх ёстой харж байна вэ. Яагаад гэвэл иргэдийн бичил санхүүгээ шийдэх хамгийн эхний үйлчилгээний салбар юм.

 

Хууль тогтоогчид маань биднийг ямар ч зөвшөөрөлгүй хараа хяналтгүй дураараа мөнгө хүүлээд суудаг гэж ярьдаг. Гэвч үнэндээ бид чинь төрийн байгууллагуудаас 13-15 төрлийн бичиг баримт бүрдүүлж үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч татвар шимтгэлүүдээ төлж ажилладаг. Төрөөс аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ, ажлын байруудаа хадгалж үлдээнэ гэж ярьдаг боловч ингэж олноор нь түлхэн унагаж байгаад харсамсаж байна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

ЕБС-уудыг вакцинжуулах цэг болгон ашиглаж байна
ЕБС-уудыг вакцинжуулах цэг болгон ашиглаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.