Эртний нүүдэлчдийн амьдралаас сэдэвлэн үндэсний хэв шинж, түүх соёлыг өвөрмөц шийдлээр дүрсэлдгээрээ онцлогтой, зураач Самбуугийн Заяасайхан билээ.
Зураачийн уран бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүй ашиглаж, олон нийтэд худалдан борлуулж байгаа талаар мэдээлэл гараад байгаа. Тодруулбал, “Bozzolo Store” гэх дэлгүүр зураачийн бүтээлүүдийг түрийвч, гар цүнх, үүргэвч зэрэгт буулган худалдан борлуулж байна. Мөн зарим хувь хүмүүс шигтгээ наамалд хэвлүүлсэн зургийг худалдаалж байгаа юм. “Bozzolo Store” дэлгүүртэй утсаар холбогдож бүтээгдэхүүний талаар асуухад “Үүргэвч, түрийвч, гар цүнх зэрэг маш олон загвар байгаа. Үүргэвч 25 мянган төгрөг, түрийвч 12-19 мянган төгрөгний үнэтэй. Урдаас захиалгаар авдаг. Зураг материалыг БНХАУ-ын үйлдвэрлэгчид мэддэг” гэх хариултыг өглөө.
Харин “Хатдын дүрстэй шигтгээ наамал 50Х60 харьцаатай, 35 мянган төгрөгөөр зарагддаг. Мөн л урд хөршөөс оруулж ирдэг” гэсэн юм. Оюуны өмчийн зөрчилтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тийм бүтээгдэхүүнийг дам утгаар нь дамжуулан цааш борлуулах нь бусдын хийсэн бүтээснийг үл хүндэтгэсэн соёлгүй үйлдэл, луйвар хулгайтай ялгаагүй зүйл. Тэгвэл зураачийн бүтээлийг БНХАУ-ын үйлдвэрлэгчид хулгайгаар ашиглаж, түүнийг нь монголчууд худалдсаар байна гэсэн үг.
БНХАУ-ын “Тао Бао” гэх онлайн дэлгүүрт 23-458 юанийн ханштайгаар зураач С.Заяасайханы бүтээлүүдийг хуулбарласан бүтээгдэхүүн борлуулж байна.
Оюуны өмчийн газарт бүртгүүлээгүй байсан ч бүтээл бий болсон цагаас эхлэн зохиогчийн эрхийн хамгаалалт нь автоматаар үүсдэг учир шууд оюуны өмчийн газарт хандаж гомдол гаргах эрхтэй байдаг аж.