Манай улс коронавирусний халдвартай иргэдийн ойрын хавьтлыг зочид буудалд 7-14 хоног тусгаарлан ажиглаж байгаа. Ойрын хавьталд тооцогдсон тохиолдолд ХӨСҮТ-ийн ажилчид ажил, гэр аль байгаа газраас яаралтай тусгаарлах байранд хүргэдэг. Таныг тусгаарлах байранд хүргэнэ гэснээс өөр ямарч мэдээлэл өгдөггүй албаны хүмүүсээс болж сэтгэл нь үймэрсэн хүмүүс яах учраа ололгүй байсаар хүргэгддэг. Ердөө ганцхан удаа эргэлт авах боломжтой бөгөөд ажлын байрнаасаа тусгаарлагдсан хүмүүст маш их асуудлууд үүснэ. Тухайлбал, буудлаас ахуйн хэрэглэл оо сойз, саван, шампунь өгдөггүйгээс болоод ганц удаагийн эргэлт хүлээж ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд хүндрэл учирна. Мөн өрөөний цэвэрлэгээг өөрсдөө хийх ёстой тул шаардлагатай зүйлс байхгүй зэрэг хүндрэл учирдаг. Иймээс тусгаарлах байранд орохдоо юу юу хэрхэн бэлдвэл зохистой талаар мэдээлэл хүргэж байна.
Тусгаарлагдахаар явахдаа юунд анхаарах, юуг хэрхэн бэлтгэх талаар ЭМЯ-ны заавар зөвлөмж нийтэд ил байдаггүй учир энэхүү нийтлэлийг хүргэж байна.
Гэрээсээ тусгаарлагдсан тохиолдолд бэлтгэх зүйлс. Үүнд:
- Солих хувцас /аль болох биедээ эвтэйхэн 2-3 ээлжийн хувцас, тусгаарлагдсан байрны хүйтэн эсвэл дулаан байхыг мэдэхгүй учраас бэлтгэл сайтай байх/
- Аяга, таваг, халбага, сэрээ /буудлаас өгөх хэдий ч өмнө нь байрлаж байсан хүний хэрэглэж байсан зүйлс, ариутгасан эсэх эргэлзээтэй/
- Амны хаалт, нэг удаагийн бээлий /шинжилгээ өгөх, хоол авах, хог хаяхдаа заавал зүүх учир зайлшгүй хэрэгтэй/
- Дархлаа дэмжих бүтээгдэхүүн чацаргана, аньс, аарц, цэвэр ус /Өглөө, өдрийн цайнаас бусдаар халуун бүлээн уух зүйл байхгүй. Мөн ус буцалгагч бохир байдаг тул үүнийг өөрсдөө зохицуулах шаардлага гарна/
- Нөөшилсөн бүтээгдэхүүн хиам, бэлэн гоймон, махан бүтээгдэхүүнийг хоолны хордлого болохоос сэргийлээд буудал руу оруулдаггүйг анхаарах хэрэгтэй.
- Хог хийх уут /Буудлаас нэг ширхэг хог хийх уут өгдөг/
- Гар ариутгагч, цацдаг спирт /хоол авах, шинжилгээ өгөх, өрөөгөө цэвэрлэх зэрэгт хэрэглэгдэнэ/
- Ариун цэврийн хэрэглэлүүд /оо сойз, саван, шампунь, алчуур гээд ахуйн хэрэглээний зүйлсээ заавал авах. Зарим буудал өгдөггүй./
- Зөөврийн компьютерээ авч онлайнаар ажлаа хийж болно. Мөн унших номоо ч авах хэрэгтэй.
- Харшилтай эсвэл эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаантай бол өөрсдийн хэрэглэдэг эм, витаминыг зайлшгүй авах.
- Халуун хэмжигч, үзэг /өдөр бүр биеийн байдлаа өөрсдөө хянаж, тэмдэглэл хөтлөх тул хэрэгтэй/
Ажлын байрнаас тусгаарлагдсан тохиолдолд бэлтгэх зүйлс. Үүнд:
Ажил дээрээс шууд тусгаарлах байранд хүргэгдсэн хүмүүст нэлээд хүндрэл учирдаг. Тухайлбал, зарим буудалд гарын саван, шүдний оо, шампунь, гарын алчуур зэрэг наад захын ариун цэврийн хэрэглэл байхгүйгээс олон хоног хувцасаа солихгүй, шүдээ угаахгүй, усанд орохгүй тэсэх хэрэг гардаг байна.
Гэрээсээ захиад авмаар байгаа ч зочид буудал дүүрч, эргэлт нээтэл гурав хоног хүлээсэн тохиолдол хүртэл гарчээ.
Иймээс ажлын байрнаасаа тусгаарлагдаж байгаа тохиолдолд ядаж ахуйн зүйлсээ өөрсдийн боломжиндоо тааруулаад бэлдэх хэрэгтэй. Амны хаалт, нэг удаагийн бээлийгээ олноор авах шаардлагатай.