“Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн асуудлаарх Засгийн газрын тавьсан саналыг хүлээн авч, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлаар шинэ гэрээ байгуулахад бэлэн байна хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Жэкоб Стаусхолм мэдэгджээ.
Тус компани далд уурхайн бүтээн байгуулалтын одоогийн төлөвлөгөөг УИХ-аар баталсан шинэ гэрээгээр орлуулахад бэлэн байна. Мөн “Рио Тинто”-гийн авдаг менежментийн төлбөр, талуудын төлөх зээлийн хүүгийн асуудлаарх яриа, хэлэлцээг үргэлжлүүлж магадгүй аж.
Тэрбээр “Оюутолгой бол талууд “win-win” буюу харилцан ашигтай зарчмаар эхлүүлсэн гайхалтай төсөл. Яг одоогийн байдлаар маш сайн ярилцаж, зөв шийдэл олох хамгийн чухал. Гэхдээ оновчтой хувилбар нь яг юу вэ гэдгийг хараахан мэдэхгүй байна. Саяхан “Рио Тинто”-гийн Зэсийн группын захирлаар томилогдсон, Монгол Улсын Засгийн газартай хэлэлцэх шинэ багийг бүрдүүлж, харилцаа холбоог сайжруулах, төслийн хэлэлцээрийг ахиулахаар шаргуу ажиллаж байна" хэмээжээ.
"Дубайн гэрээ" буюу далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг хоёр талын тохиролцоогоор цуцалж, нөхцөлийг нь сайжруулан, дахин гэрээ байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”-д тавиад байгаа билээ. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улс 2051 он хүртэл ямар нэгэн ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ гэж ЗГХЭГ тооцоолсон. Гэрээний нөхцөлийг сайжруулахтай холбоотой УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын ажлыг хэсэг яриа хэлэлцээнд оролцож байгаа аж.