1970-аад онд Зөвлөлт Холбоот Улсад бүтээгдсэн “Хувь заяаны эргүүлэг” (Ирония судьбы), “Ийм нэгэн явдал” (Служебный роман) кинонуудын гол дүрийн жүжигчин Андрей Мягков 82 насандаа зүрхний өвчнөөр таалал төгссөнийг Чеховын нэрэмжит Москва хотын урлагийн театр Пүрэв гарагт зарлажээ.
Мягков нь 1938 оны долдугаар сарын 8-ны өдөр өнөөдрийн Санкт Петербург, тухайн үеийн Ленинград хотод мэндэлсэн юм.
Тэрбээр амьдралынхаа туршид нийтдээ 50 гаруй уран сайхны кино, телевизийн цувралд дүр бүтээснээс хамгийн их амжилт олсон нь найруулагч Эльдар Рязановын “Ирония судьбы” (1975), “Служебный роман” (1977) кинонууд байжээ
Эдгээр кинонуудад бүтээсэн дүрээрээ тэр Зөвлөлт Холбоот Улс болон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын төрийн шагналыг хүртэж байв.
“Ирония судьбы” нь Зөвлөлт Холбоот Улс төдийгүй хуучин социалист лагерийн орнуудын иргэдийн хувьд жил бүрийн шинэ жилээр үздэг уламжлалт кино болсон юм. Хамгийн анх Зөвлөлтийн төв телевизээр цацахад нь 100 орчим сая хүн үзэж байсан гэдэг.
Хэдийгээр энэ кинонд бүтээсэн дүрээрээ асар их амжилт олсон ч Андрей Мягков тэтгэвэрт гарсныхаа дараа хэвлэлд ярихдаа “Дэндүү улиг болсон сэдэв. Би дахиж энэ тухай огт сонсмооргүй байна. Магадгүй сүүлийн 40 жил би энэ киног огт үзээгүй байх” гэж байжээ.
Эх сурвалж: Russia Today