Германы “BioNTech” компанитай хамтран коронавирусний вакцин гарган авсан Америкийн “Pfizer” компани жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд явуулж буй вакцины аюулгүй байдал, үр дүнг шалгах эмнэлзүйн туршилтын хоёр, гуравдугаар үе шат эхэлснийг мэдэгджээ.
Эмнэлзүйн туршилтуудад 24-34 долоо хоногтой жирэмсэн 18-аас дээш насны 4000 эмэгтэй оролцох бөгөөд тэдэнд вакцины хоёр тун болон плацебог 21 хоногийн зайтай хийх аж. Мэргэжилтнүүд туршилтад оролцогчдын биеийн байдлыг 7-10 сарын хугацаанд хянана.
Үүний зэрэгцээ шинжээчид хэвлий дэх нярайд вакцин аюулгүй эсэхийг үнэлэхээс гадна эсрэг биет эхээс урагт дамжиж байгаа эсэхийг судлах аж. Нярай хүүхдүүдийг зургаан сар хүртэл нь эмчийн хяналтад байлгана.
Pfizer/BioNTech мөн ойрын хэдэн сарын хугацаанд 5-11 насны хүүхдүүд, 2021 оны сүүлчээр 5-аас доош насны хүүхдүүдэд вакцины үр нөлөөний талаар нэмэлт судалгаа хийхээр төлөвлөж байгаагаа мэдээлжээ. 12-15 насны хүүхдүүдийн дунд явуулсан эмнэлзүйн туршилтын мэдээллийг холбогдох байгууллагуудад 2021 оны хоёрдугаар улиралд багтаан илгээхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна, компаниуд дархлаа сул хүмүүсийн дунд вакцинаа туршихаар төлөвлөжээ.