2021 оны хоёрдугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө "Вен Зоу" зочид буудалд тусгаарлагдав. GB plaza дахь ББСБ-тай холбоотой халдварын голомтын дам хавьтлын тоонд багтаж энд ирсэн хэрэг.
ХӨСҮТ-ийн хавьтлуудыг тусгаарлах багаар хүргүүлэн шөнийн 02:00 цагийн үед БЗД-т байрлах "Вен Зоу" зочид буудлын дөрөвдүгээр давхрын 410 тоотод хуваарилагдлаа. Зарим тусгаарлан ажиглан байрнуудад ариун цэврийн хэрэглэл буюу оо, сойз, ариун цэврийн цаас, саван, шампунь зэрэг дутагдалтай байсан талаар мэдээлэл авсан тул эдгээр зүйлсийг урьдаар бэлдэж ирсэн. Бодит нөхцөл байдал дээр савангаас бусад зүйлсийг буудлын зүгээс бэлджээ.
Өрөөнд орж ирмэгц миний өмнө эмэгтэй хүн энэ өрөөнд байсныг төвөггүй олж мэдэв. Орны хөнжлийг сөхөөд үзвэл ганц нэг урт үс. Шалан дээр мөн хэсэг үс гээд булан тохойд эмэгтэй хүний гэмээр урт үс үзэгдэх нь намайг ийн бодоход хүргэв. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийснийг дээрх жишээ харуулж буй.
ХҮЙТЭН, ХҮЙТЭН, ХҮЙТЭН...
Энэ буудалд хүйтэнгүй юм алга. Өрөөний темпаратур нарийн тоогоор хэд гарахыг мэдэхгүй ч хөнжил дотроо хувцастайгаа хэвтэхээс өөр сонголт надад үгүй бололтой. Цонх хаалттай ч ийм хүйтэн өрөөнд цонхоо онгойлгож агаар сэлгэлт хийх талаар төсөөлөөд ч хэрэггүй байх.
Даарсаар л... Нэгэнт хүйтэн өрөөнд агаар сэлгэлт хийж чадахгүйгээс хойш гараа тогтмол угаах нь оновчтой шийдвэр болов уу, гэтэл халуун ус алга. Угаалтуурын холигчийг хэдэн янзаар түлхэж, татаж, дээш, доош болгож үзээд халуун ус гойжсонгүй. Тусгаарлалтад байх хугацаанд усанд орох талаар бодоод ч хэрэггүй бололтой.
Ядаж халуун хоол...
"Хоолны хэрүүл" хиймээргүй байсан ч Вен Зоу зочид буудлын хоол, цай нь ч мөн хүйтэн ангилалд багтана. Өглөөний 09:30-д ирнэ гэж заасан өглөөний 11:00 цагт ирэхээр хөрөлгүй яах вэ, Амт чанарыг түр орхиё. Хоолны темпаратурыг мөн л хэмжихэд хэцүү юм. Өдрийн хоолонд ирсэн тахианы мах, байцаа, будаатай хоёрдугаар хоол нь хүйтэн, гоймонтой хонины махтай шөлтэй хоол бүлээн ирсэнийг ганц зургаар батлаж чадахгүй нь харамсалтай.
Энэ мэт нөхцөл байдалд хэн ч халдвар авахад гайхах зүйлгүй. Битүүхэндээ эмнэлэгт тусгаарлагдсан бол ядаж дулаахан гэж бодож байснаа нуух юун. Хорионд байгаа би хоёрдугаар сард дулаан орохыг хүлээж сууна. Дулаан гэртээ сууж байгаад халдвар аван олонд тараасан бол хариуцлагаа би хүлээе. Халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн энэ тусгаарлах байрнаас халдвар авбал хариуцлагыг хэн хүлээх вэ?