Б.Түвшин: ЗГ-ын долоо хоног гэсэн хугацаа нь нэг жил болж хувирснаас болж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн өөрчлөлт гацаад байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 36 секунд

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа

-Таны санаачлан боловсруулж, өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өнгөрөгч Баасан гарагт чуулганаар орсон. Ер нь өргөн барьснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байтал хаврын чуулган хаахтай зэрэгцэн нэлээн тулгуу орж ирж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэг парламент дээр яагаад ийм удаашралтай байв?

-Бидний 41 гишүүн хамтран Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрөгч 2025 оны тавдугаар сарын 9-нд өргөн барьсан байдаг. Ингэхдээ тавдугаар сарын 20-ны үеэр хэлэлцүүлэгдсэн. Тухайн үед ирэх долоо хоногт Засгийн газраас агуулгын хувьд төстэй хуулийн төсөл өргөн барьж буй тул түүнтэй хамтатган хэлэлцье гэдэг байдлаар түр хойшлуулаад байсан. Тэр долоо хоног нь явсаар байгаад нэг жилийн нүүрийг үзлээ. Засгийн газар саяхан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн өөрчлөлтийг саяхан өргөн бариад хамтран хэлэлцье гэдэг тохиролцооны дагуу миний өргөн барьсан хуулийг чуулганаар оруулж ирлээ. ЗГ-ын долоо хоног нэг жилтэй л тэнцдэг юм байлгүй дээ гэж бодож байна даа.

-Энэ хугацаанд ЗГ-аас өргөн барьсан Татварын багц хууль хүртэл батлагдаад гарлаа шүү дээ. Үүнээс харахад Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт дээр ЗГ ч тэр хойрго хандав уу. Эсвэл улс төр талдаа асуудал байна уу?

-Хуулийн хулгай гэдэг зүйлийг их ярьж байгаа шүү дээ. Тийм зүйл байхыг ч үгүйсгэхгүй юм. Нөгөө талдаа хувь гишүүний санаачилсан хуулийг нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй талаас нь авч хэлэлцэхгүйгээр заавал ЗГ өргөн бариад түүнийг нь яаралтайгаар авч хэлэлцдэг "соёл" ч гэмээр зүйл тогтчихсон харагдаад байгаа. Гэхдээ энэ удаа үүнийг нь зөвшөөрөөд явахаас өөр аргагүй. Цаашид хуулийн эрэмбэ дараалал, ач холбогдол нь нийгэм, эдийн засагтаа ямар байна вэ гэдгийг бодолцох шаардлагатай. Одоогийн байдлаас харахад, Засгийн газраас өргөн барьсан хуулийг бусад агуулга төстэй хуулиудтай нэгтгэж хэлэлцдэг байдал байгаа нь харамсалтай санагдаж байна.

-ЗГ-аас тэтгэврийн болон нийгмийн даатгалын шинэчлэлийг багтаасан Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтийг өргөн бариад байгаа. Энэ хуулийн төсөлтэй таны хуулийн төсөл цаашид нэгтгэн хэлэлцүүлэгдэх үү. Процесс нь яаж явахаар харагдаж байна?

-ЗГ-аас нэлээн олон өөрчлөлт бүхий хуулийн төслийг өргөн барьсан. Дагах хуулийн төслүүдийг сайтар харах шаардлага байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд миний хөндөж буй гурван заалтын хоёр нь орсон байна. Гэхдээ миний харж буйгаар, муутгаж оруулж ирсэн гэж харж байгаа. Тухайлбал, иргэний ажил гүйцэтгэх гэрээ буюу иргэний хуулийн бизнесийн харилцаанаас нийгмийн даатгалыг хоёр талаас нь авдаг байдлаа больё гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хувь хүн бизнесээ чөлөөтэй хийдэг болъё. Одоогийн нөхцөлд, хувь хүн гэрээ байгуулангуут ажилтан гээд үзчихдэг. Үүнээс болоод нийгмийн даатгалыг хоёр талаасаа төлөх ёстой гэж үздэг. Энэ нөхцөлд хувь хүн бизнес хийх боломжгүй. Гэрээ байгуулж буй байгууллагууд ч гэсэн өөрөөс нь илүү нийгмийн даатгалын зардал гарах учраас заавал ААН байгуулаад ир гэдэг шаардлага тавьдаг. ЗГ-аас өргөн барьсан хуулийн төсөлд хоёр гэрээг нь тусгайлан авч үзээд нийгмийн даатгал авъя, хоёроос дээш гэрээнээс НДШ авахгүй байж болно гэх агуулга тусгагдсан байна лээ.

Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ чинь иргэний хуулиар зохицуулагдаж буй хүний бизнесийн орлого. Магадгүй олон орлоготой хүмүүс байж болох юм. Өмнөх шиг бүгдээс нь авна гэдгээ бодвол сайжирсан зохицуулалт. Гэхдээ миний хуультай харьцуулахад эрх зүйн эх сурвалжаа буруу хараад байна. Дахиад л та ажилтан учраас хоёр талын хоёр гэрээнээсээ нийгмийн даатгалаа төл л гэж байна. Гэтэл тухайн хоёр гэрээ нь тасралтгүй үргэлжлэх үү, үгүй юу гэдэг асуудал байна. Нэг удаагийн гэрээ байж болно. Эсвэл тухайн жилийн хэсэгхэн хугацааг хамарсан байж болно шүү дээ. Гэтэл нэг жилийн 12 сарын турш тасралтгүй төлж байж нийгмийн даатгалын үр өгөөжийг хүртэнэ. Гэтэл гурван сар ажилтай байгаад гурван сар ажилгүй байвал татвар төлөөд хохироод үлдэж буй юм. Зүй нь, авахаа урьтал болгох биш байнгын бус гэрээтэй хүмүүсийн нийгмийн даатгалыг яаж авах вэ гэдэгт тохирсон шинэ бүтээгдэхүүний тухай бодох ёстой. Харамсалтай нь, дахиад л та хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан л юм бол хоёр талаас нь нийгмийн даатгалаа төлөх ёстой гээд хүчээр шахуу авах гээд байгаа муутгасан үзүүлэлт харагдаж байна. Хоёрдугаарт, байгууллагын төлдөг хэсэгт дээд хэмжээ тогтоох. Гэхдээ 2027, 2028 он руу шидээд 11, 12 хувь болгоё гээд явж байна. Ер нь байгууллагын төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг маш цөөн улсад л авдаг. Нэг ёсондоо ажил олгогчдын хувьд ажилтан авсныхаа төлөө торгууль төлж буй хэлбэр. Энэ дүнгүүд тэр тэтгэвэр, тэтгэмж тооцоход ямар ч хамааралгүй шүү дээ. Тэгэхээр ажилтан, ААН-үүдийнхээ "торгууль" төлж буй асуудлыг хойш нь шидээд, нэг хоёр функтээр бууруулаад оруулж ирж байгаа нь муутгаж хувилсан юм болов уу л гэж харж байна. Гэхдээ нэгтгээд хэлэлцээд явахад аль нь талдаа гарах байх.

-Цаашид хуулийн хүрээнд нэгтгээд явахад асуудалгүй гэж харж байна уу?

-Нийгмийн даатгалын хууль дээр олон талын л санал санаачилга гарч байгаа. Нэгтгэж яагаад болохгүй гэж. Хуулийн төслийг хойшлуулаад байсан шалтгаан нь ч нэгтгэе л гэсэн агуулга байсан. Уг нь ижил төстэй хуулиудыг нэгтгээд явах нь зөв. Гэхдээ хэн оруулж ирснээс хамаараад "хүчиндэх" магадлал өндөр гэсэн үг шүү дээ. Хуулийн заалтыг дордуулсан байсан ч ЗГ-аас оруулж ирсэн бол давуу эрхтэй гэдэг байдлаар хандахгүй байх хэрэгтэй. Аль хуулийн заалт нь нийгэм, эдийн засгийн асуудлыг бүрэн шийдэж чадаж байна вэ гэдгийг эрэмбэлж үзвэл аль сайнаа л сонгоод явах учиртай шүү дээ.

-Та сая яриандаа хоёр заалтыг муутгаж оруулж ирсэн гэж хэллээ. Тэгвэл УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаад, хуулийг нэгтгээд явахад тухайн хоёр заалтыг хэрхэн тусгах нь илүү оновчтой вэ?

-Энэ тохиолдолд би өөрийнхөө хувилбарыг л санал болгоно. Мэдээж ажлын хэсэг дээр олонхоороо л шийдэх байх. Яагаад гэвэл нэг тал нь хууль эрх зүйн хувьд илүү углуургаар нь шийдээд байгаа юм. Тэр гэрээнүүд чинь явсаар байгаад хоёр төрлийн эрх зүй дээр л хуваагдаж байгаа. Хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ явсаар иргэний эрх зүйгээр зохицуулагддаг. Нөгөө нь хөдөлмөрийн гэрээгээр ажилтан ба ажил олгогчийн хооронд үүсэх харилцаа юм. Гэрээний төрлүүдийг дотор нь будилуулаад байхаар эрх зүйн уг үндэс рүүгээ очихгүй байна. Та хувь хүнийхээ хувьд бизнес эрхлээд ажил гүйцэтгэх эсхүл хөлсөөр ажиллах гэрээг ч хийж болно шүү дээ. Үндсэн хуулиар компанитай адил эрх эдэлж, орлого олох боломжтой. Гэтэл таныг бизнес эрхлэгч гэж үзэхгүйгээр ажилтан учраас заавал хоёр талаасаа нийгмийн даатгалаа төл гэж үзээд байгаа нь Үндсэн хуулийн агуулгыг зөрчөөд буй юм. Тиймээс эрх зүйн зөв эх сурвалж руугаа явах ёстой. Иймд би өөрийнхөө хуулийн төслийн агуулгыг санал болгоно.

-Магадгүй ЗГ-аас өргөн барьсан гэдэг утгаараа хаврын чуулганд амжиж мэдэх юм. Таны харж буйгаар хаврын чуулганд багтаж батлагдах болов уу. Энэ долоо хоногт хаах гэж байна шүү дээ?

-ЗГ-аас өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагалдах хуулийн төслүүдэд маш олон иргэнийг хамарсан тэтгэвэртэй холбоотой асуудал байгаа учраас яаралтайгаар хэлэлцэх шаардлагагүй гэж бодож байна. Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд оруулсан энэ заалтууд жил гаруй хугацаанд хэлэлцүүлэгдчихлээ. Үүнийг батлаад гаргах боломжтой.

-Өнгөрсөн намар ч, энэ хавар ч улс төр нь ихдээд нийгэм, эдийн засгийн бодлогуудаа орхигдуулсан нь үнэн шүү дээ-

-Хаврын чуулганы эхэнд улс төр голлосон үйл явц нэлээн өрнөсөн. Сүүлийн өдрүүдэд харахад чуулган дээр нэлээн ажлаа шахсан дүр зураг харагдаж байна. Энэ хаврын чуулган хэр ажил хэрэгч санал, санаачилга гарсан чуулган болов. Хэр үр дүнтэй ажилласан гэж харж байна вэ?

-Ер нь сэтгэл дундуур байна. Бид ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлж чадахгүй байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гэж байна. Дэгийн хуулийн өөрчлөлтөд ихэвчлэн онц сурлагатнуудыг дэмжих гээд байгаа мэт агуулга харагдаад байна. Гэтэл УИХ-ын гишүүн гэдэг чинь санал санаачилгатай, бүтээмжтэй ажиллах ёстой шүү дээ. Гэтэл түүнээс илүү хуралд суусан, суугаагүйд нь чиглэсэн өөрчлөлт яриад байгаа нь жижиг зүйлээр л оролдоод байгаа мэт санагдаж байна. Нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа чухлаар нь эрэмбэлж чадахгүй, арга ядсан байдлаар шахаад бөөнддөг байдал байна. Тиймээс УИХ-ын бүтээмжийг нэмэгдүүлэх, хуулийн эрэмбэлэлт ач холбогдлыг урьтал болгох, цаг хугацаанд нь ажлаа жигд хуваарилах санал санаачилгыг гаргаж ажиллая гэж бодож байна. Өнгөрсөн намар ч, энэ хавар ч улс төр нь ихдээд нийгэм, эдийн засгийн бодлогуудаа орхигдуулсан нь үнэн шүү дээ.

-Хоёр долоо хоногийн өмнөөс танай намын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулахаар болсон талаар мэдэгдсэн. Та гарын үсэг зурсан уу. Энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Тухайн өдрийн бүлгийн хуралдаанд миний бие эмнэлгийн чөлөөтэй байсан тул оролцоогүй. Гэхдээ бүлгийн шийдвэрээ дэмжиж байгаа. Бүлгийн зүгээс энэ Засгийн газраас хүлээх үр дүн бага гэж дүгнэлт гаргасан. Үүнтэй ч санал нэгтэй байна.

-Та хувь гишүүний хувьд Энэ ЗГ-ыг хэр түвшинд ажиллаж байна гэж харж байгаа вэ?

-ЗГ-аас оруулж ирж буй хуулийн төслүүд жаахан яаруу, шахсан байдалтай харагдаж байна. Жигд хуваарилалт байхгүй. Энэ Засгийн газрын анхаараад байгаа зүйл нь юу вэ гэдэг нь бидний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохгүй, итгэл үнэмшил төрөхгүй байна.

-Магадгүй энэ санаачилга ирэх намар өргөжөөд, гарын үсэг цуглуулж эхэлбэл бүлгийн шийдвэрээ дагаад явна гэсэн үг үү?

-Тийм ээ. Тухайн өдрийн хуралд оролцсон, оролцоогүйгээс үл хамаараад бид бүлгийн шийдвэрээ дагана.

Ярилцсанд баярлалаа

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 25 хэм дулаан. Бага зэргийн аадар бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 25 хэм дулаан. Бага зэргийн аадар бороотой
 
Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүлжээ
Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!