АН-ын Үндэсний бодлогын хорооны 69-р хурал болж, 90.1 хувийн саналаар таван дэд даргаа сонгосон. Тодруулбал, АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа фракц бүрдээ тэнцүү хуваарилалт хийж, тэдгээрийн төлөөлөл нэг нэг хүнийг дэд даргад нэр дэвшүүлсэн байв. Ингээд ҮБХ-ны хурлын санал хураалтад оролцсон гишүүдийн 90.1 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга болон АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Ганибал, Ч.Өнөрбаяр нарыг Ардчилсан намын дэд даргаар сонгосон юм. Тэгвэл дээрх таван хүн АН-ын аль фракцын хэн бэ.
Л.Мөнхбаясгалан
Тэрбээр говийн бүсээс 2024 онд УИХ-д сонгогдсон бөгөөд Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ны дэд даргаар ажиллаж буй. Тэгвэл ийнхүү МоАХ-ны дэд даргаас намын дэд дарга хүртэл дэвшиж буй нь энэ аж.
Д.Энхтуяа
Тэрбээр ердөө хоёр хоногийн өмнө шинээр байгуулагдсан "Ардчилсан сэргэлт" холбооны гишүүн юм. Тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Ганбат сонгогдсон. Тэгвэл шинэхэн холбооны төлөөлөл болж АН-ын дэд даргаар сонгогдоод байна. Тус холбоонд УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, Б.Түвшин, А.Ганбаатар, Д.Энхтуяа, Д.Ганбат, Х.Болормаа, Г.Хосбаяр, П.Батчимэг, Ц.Баатархүү, О.Амгаланбаатар нарын гишүүд багтсан юм.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяагийн тухайд, 2024 оны сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй.
П.Мөнхтулга
АН-ын дотоод сонгуулийн хүрээнд Архангай аймгийн АН-ын даргаар сонгогдсон тэрбээр энэ удаагийн ҮБХ-ны хурлаар намын дэд даргаар сонгогдов. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч хамраараа таслуулж "бүдэрсэн" тухайгаа өөрөө өчигдөр ярьсан. Харин даагаа нэхэж 2024 онд хангайн бүсээс нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон. П.Мөнхтулгын тухайд, Б.Пүрэвдорж тэргүүтэй туршлагатай улстөрчид багтдаг "Монде" фракцын төлөөлөл болон дэд даргаар сонгогджээ.
Н.Ганибал
Цагтаа Сүхбаатар аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хүртэл ажиллаж байсан тэрбээр 2024 оны сонгуулиар өвдөг шороодсон. Тэрбээр "Нэг Монгол" хөдөлгөөнийг тэргүүлж байсан бөгөөд хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн Г.Очирбатад "Нэг Монгол" хөдөлгөөний тэргүүний ажлаа өгсөн юм.
Ч.Өнөрбаяр
"Гранд Монгол" фракцын төлөөлөл тэрбээр Л.Гантөмөр намын дарга байх үед дэд даргаар нь ажиллаж байсан бол ийнхүү хоёр дахь удаагаа намын дэд даргаар сонгогдоод байна. АН-ын урдаа барьдаг хуульчдын нэг тэрбээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаад амжсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!