Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд боловсролын ууган байгууллага МУИС болон инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг их өргөө болсон ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа.
Олон мянган боловсон хүчин бэлтгэж, ирээдүй хойч үеэ дэлхий дахины хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой болгохын төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш, ажилтнуудад Ерөнхийлөгч талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
- МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Математикийн тэнхимийн ахмад багш, доктор, дэд профессор Маанийн Дэнсмаа,
- ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн дарга, Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төрийн шагналт, доктор, профессор Лхамсүрэнгийн Пүрэв,
- МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Хаянхярваагийн Тэрбиш,
- ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор Жагванжавын Цэен-Ойдов,
- МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Доржсүрэнгийн Бүрнээ,
- ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Шима сейки” сургалтын төвийн захирал, академич Доржийн Энхтуяа нарт Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Төрийн тэргүүний санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн“, Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш, ажилтнуудын манлайлал, оролцоо чухал хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг болон үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 орны их сургуульд 1,000 гаруй оюутан суралцаж байна.
Эдгээр залуус төгсөж ирээд ерөнхий болон дээд боловсролын байгууллагууд, бусад салбарт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг бодит ажил болгохын төлөө хамтын ажиллагааг өргөжүүлж, их сургуулиуд оролцогч бус, бодлого, судалгаа, инновацын манлайлагч болон ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх, соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан.
Энэ нь Үндсэн хуулийн мөн чанар, хууль дээдлэх зарчмыг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ёсны түүхэн ач холбогдлыг сурталчлан таниулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, Үндсэн хуулиа дээдлэн, сахиж мөрдөх соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа бөгөөд энэ нь МУИС-ийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй оюуны томоохон хөрөнгө оруулалт юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!