
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНМАУ болон ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Вьетнамын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч, Азийн анхны сансрын нисэгч, ЗХУ болон Вьетнамын Ардын цэргийн баатар Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа.
1981 оны гуравдугаар сарын 22-30-нд Зөвлөлт-Монголын хамтарсан “Союз-39” сансрын нислэг амжилттай болж, Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон. Ерөнхий сайд энэхүү түүхэн үйл явдлын 45 жилийн ойн мэндийг Ж.Гүррагчаа баатарт хүргээд бахархалт үйл явдал болж байсныг тод санадгаа дурсан ярилаа.
Энэ нь зөвхөн нэг нислэг бус, харин Монголын шинжлэх ухаан, судалгаа, олон улсын хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал байлаа. “Союз-39” хөлгийн баг сансрын “Салют-6” станцад ажиллаж, анагаах ухаан, биологийн чиглэлээр олон чухал туршилт амжилттай гүйцэтгэсэн нь манай улсын шинжлэх ухаанд бодит хувь нэмэр оруулсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
БНМАУ болон ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Вьетнамын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч, Азийн анхны сансрын нисэгч, ЗХУ болон Вьетнамын Ардын цэргийн баатар Фам Туаннар 1978 оноос ЗХУ-ын “Оддын хотхон”-д хоёр жилийн турш хамтран бэлтгэл хийж, тэр үеэсээ нөхөрлөсөн найзууд. Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Сансрын хамтын ажиллагаа” сэдэвт агаар, сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох хүндэт зочдын нэг юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!