"Хасын Хүлэгүүд", "Хаан Шонхорууд" багуудын хагас шигшээ шатны цувралын эхний тоглолт өнөөдөр болно. Цувралын эхний тоглолт 19:10 цагаас эхэлнэ. Хоёр баг улиралд гурван удаа таарч хоёр тоглолтод Шонхорууд хожил байгуулсан.
Энэ цуврал залуу тоглогчдын дуэль болох магадлал хамгийн өндөр. Ялангуяа багийн холбон тоглогчдын тулаан цуврал хэрхэхийг шийдэхэд чухал нөлөөг үзүүлнэ. Хоёулаа бөмбөг эзэмшилт сайн, алсын зайн шидэлттэй чадварлаг холбогчид. Хүлэгүүд О.Сэргэлэнгийн халааг Б.Барсболдод шилжүүлсэн. Түүний хувьд цувралын эхний шатанд сайн тоглолтоо үзүүлж карьерын хамгийн өндөр оноогоо аваад амжсан. Мөн өмнөх жилийн амжилтаа ахиулж энэ улирлын амжилт нь ахисан тоглогчийн шагналыг хүртсэн.
Найтс багийн бүрэлдэхүүнд байсан ч хангалттай минут, довтолгооны эрх мэдэлгүй байсан А.Батхуяг Шонхоруудын бүрэлдэхүүнд нэгдэж өөрийгөө ямар чадвартай тоглогч гэдгээ энэ улирал болон шигшээ шатны эхний цувралд харууулсан. Найтс багтай хийсэн цувралд түүний оруулсан алсын зайн шидэлтүүд хожил байгуулах хамгийн чухал түлхүүр болсон.
Хоёр багийн самбарын тулаанд залуу төвийн тоглогчид хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх нь тодорхой. А.Азбаяр лигт элссэн эхний жилээ оны шилдэг залуу тоглогчийн шагналыг авч, өнгөрсөн улирлын MVP болсон. Харин О.Өсөхбаяр энэ оны шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртсэн. Самбарт хэн илүүрхэхээс шалтгаалж довтолгооны хоёр дахь боломжууд гарна. Өөрийн талбайг хэр сайн хамгаалахаас шалтгаалж эргээд өөрсдөдөө давуу тал үүсгэнэ.
Мэдээж импорт тоглогчдийн нөлөөг энд дурдахгүй байж болохгүй. Хоёр багуудын импортууд багт үзүүлэх нөлөө их. Хүлэгүүдийн Иан Миллер, Шонхоруудын Байрон Уэсли нар хоёул довтолгооны гүйцэтгэл өндөртэй тоглогчид. Гол импорт тоглогчдын оноо авалтууд хожилд чухал нөлөөг үзүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!