
“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын спринт төрлүүд өнөөдөр үргэлжилж, Монгол Улсын хоёр тамирчин урьдчилсан шатанд гараанаас гарна. Анхны Олимпын наадамдаа оролцож буй гүйлтийн цанын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энхбаярын Ариунтунгалаг эмэгтэйчүүдийн спринт төрөлд Олимпын дебютээ хийх гэж байна. Тус төрөлд нийт 89 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд тэмцээн 16:15 цагт эхэлнэ. Манай тамирчин ойролцоогоор 16:35 цагт гараанаас гарах хуваарьтай байна. Э.Ариунтунгалаг нь өмнө нь цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцож, 2023 онд дэлхийд 22 дугаар байрт орж байсан туршлагатай тамирчин юм. Харин Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах гурав дахь Олимпын наадамдаа оролцож байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринт төрөлд уралдана. Энэ төрөлд 95 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд тэмцээн 16:57 цагт эхэлж, манай тамирчин 17:18 цагт гараанд гарахаар товлогджээ. Б.Ачбадрах нь хоёр өдрийн өмнө скиатлоны төрөлд уралдаж, 55 дугаар байр эзлээд байна. “Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын бүх тэмцээнүүд Итали улсын Тесеро хотын гүйлтийн цанын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!