Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга АН-аас нэр дэвшихгүй байх магадлалтай боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 11 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой оффшор компаниуд, АНУ дахь үл хөдлөхийн асуудлууд сөхөгдлөө. Түүнчлэн шинэ үндсэн хуулиар одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой, боломжгүй гэх яриа идэвхжив. Товчхондоо Ерөнхийлөгч нарийн замын уулзвар дээр иржээ. Дараагийн сонгуульд нэр дэвших үү? нэр дэвшсэн тохиолдолд АН-аас дэвших үү? дэвшлээ гэхэд ялах уу? Зэрэг асуултууд улс төрийн хүрээийхний сонирхолыг татах болов. Дарин дээр давс гэгчээр Ерөнхийлөгчийг тойрсон хэл аман дээр АН-д түүнд зориулсан сюрпризүүд өрнөөд эхэллээ.

Амин найзын сюрприз

Тэргүүн хатагтай асан О.Цолмон “Ц.Элбэгдорж 2004 онд харвардаас ирээд намдаа тогтоогдохгүй, нэр ч дэвшиж чадахгүй, хар хорины засаг дарга болмоор байна  гээд яриад явж байхад Н.Энхбаяр дуудаж уулзаад Ерөнхий сайд болгосон” гэж нэг нэвтрүүлгээр ярьсан. Өөр нэг яриа байдаг нь Ц.Элбэгдорж гудамжинд явж байхад Н.Энхбаяр гэнэт дуудаж төрийн ордон орох гэтэл повлактай оруулахгүй буцаахад ухас хийж гараад гудманд таарсан хүний пиджакыг гуйж өмсөөд Ерөнхий сайд болоод гараад ирсэн ч гэдэг. Суу заль нь дийлдэхгүй түүнийг журмын нөхөр Э.Бат-Үүл нь “зүүний нүхээр ч ороод гараад ирнэ” гэж тодорхойлдог гэнэ. Нэгэн цагт Х.Баттулгатай зүү орох зайгүй явсан Ц.Элбэгдорж хааны албаа өгснөөс хойш амин найздаа ноолуулж хавтаст хэрэг нь прокуророос шүүхэд шилжээд байгаа. Тэрбээр Х.Баттулга улс төрийн 14 хүн хэлмэгдүүлсэн, 15 дахь нь болоход би бэлэн гэж мэдэгдсэн.

Тэгвэл Х.Баттулгын оффшор компаниуд, гадаад дахь хөрөнгийн тухай мэдээллийг олоход нэлээд зардал хүч,  хөдөлмөр шаардсан бөгөөд энэ ажлын продессор нь Ц.Элбэгдорж гэх мэдээлэл байна. Цаашлаад АН-д Х.Баттулгын заналт хүмүүсийг өөртөө нэгтгэж ханлиг байгуулаад хөдлөөд эхэлжээ. Ц.Элбэгдоржийг АН-д элсүүлэхгүй байх чиглэлийг “дээрээс” өгсөн ч сүхбаатар дүүргийн намын хороо үгэнд нь оролгүй элсүүлээд авсан гэдэг. Мөн өмнөх намын дарга С.Эрдэнэтэй үе үе уулзах болсон гэх мэдээлэл бий. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ц.Элбэгдоржийн хэргийг таслуулахаар шахалт дарамт их байгаа ч “сонгуулийн дараа юу ч болоо билээ” гээд хууль хүчнийхэн дүлэгнэсэн харзнасан байдалтай байгаа гэв. “Х.Баттулга өөртөө хэтэрхий их дайсан дуудсан. АН-ыг манлайллаар биш айдсаар удирдаж болдоггүй юм. Энэ маягаараа бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадахгүй шүү” гэх шивнээ яриа сонгууль ойртох тусам тодорч цуурай гаргаж эхэллээ. Сая болж өнгөрсөн АН-ын их хурлын “нэгдүгээр хүн” бүтэн хайрцаглаж намын даргыг бүх гишүүдээр биш их хурлаас сонгодог заалт батлуулаад авсан. Гэвч АН-ын даргыг сонгож чадаагүй. Учир нь нэгдүгээр хүн хэнд ч итгэхгүй байгаа ажээ. Ц.Туваандаа ч итгэхгүй байгаагаас түүний АН- дахь хөл суурь ямар эмзэг байдалд орсныг төвөггүй ойлгож болно. Товчхондоо түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хайрцгийг найдвартай босгож өгсөн хүн намын дарга болно. Ийм л зургаар тооцож АН-ын хурал болж өнгөрсөн байна.

Вангийн сюрприз

Хоёр өдөр цэнхэр зангиатай селфидэж хөөрцөглөсөн АН-ын их хурлыг өмнөх дарга С.Эрдэнэ “будаа” болгож орхилоо. Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс огцруулсан тушаал гаргаж тамгаа өгөхийг шаардав. Мэдээж нөгөөдөх нь “май” гээд өгөхгүй нь тодорхой. Өгөхгүйг нь ч С.Эрдэнэ мэдэж байлаа. Тэрбээр улсын бүртгэлийн газарт гомдол гаргаснаар Ц.Тувааны эзэмшиж байгаа АН-ын тамгыг хүчингүй болгож өөрөө тамгатай хутагт болоод гараад ирэв. С.Эрдэнийг АТГ-т нийгмийн даатгалын 250 тэрбум төгрөтэй холбоотой хэрэгт шалгаж байгаа гэх мэдээлэл бий. “Даргын ажлаа өгөөд нам гүм явсан түүнийг дэмий оролдсон юм бас л тоглолт нь барагдахгүй хүн шүү дээ” гэх яриа АН-д хадах боллоо. С.Эрдэнийн дэглэсэн жүжгийн зуучлагчаар мөн Ц.Элбэгдорж ажилласан гэх мэдээлэл байна. Тэртээ 2012 онд Н.Энхбаяр МАН-аас гарч МАХН байгуулахад нь тухайн үеийн Ц.Элбэгдорж тусалж МАН-ыг дунд нь хагалаад эргээд Н.Энхбаярын оймсыг гозолзуулж хооронд нь мөргүүлээд АН-ыг ялуулсан гэхэд хилсдэхгүй. Яг ийм технологийн дагуу АН-ыг тамга тэмдэгний асуудал бүртгэлийн байгууллага дээр үсэхэд өмнө нь шоглуулсан шархтай МАН-ынхан юу гэж боломжийг алдах билээ. АН-ыг хоёр хуваагаад дунд нь самрах ажлыг сайхан хийгээд өглөө. Үйлийн үр эргэдэг гэдэг нь л энэ байхдаа. Ийнхүү АН-ын албан ёсны дарга С.Эрдэнэ болсноор байдал улам ойлгомжгүй ээдрээтэй болоод ирлээ. Х.Баттулгаар ноолуулсан хүмүүс эхнээсээ С.Эрдэнийг намын дарга гэж хүлээн зөвшөөрөх болов. Тодруулбал улсын баатар Э.Бат-Үүл “Намын дарга Эрдэнэтэй учраа олохгүй бол Ерөнхийлөгч Х.Баттулгын "концерт дуусах" аюултай. Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэвч ялагдаж болохгүй! Ухрах газаргүй,ард Ардчилал маань байгаа!” гэж жиргэжээ.

            Х.Баттулга бол Оросын гар хөл, Монголын ардчиллыг нухчин дарж байна гэж өчнөөн орилж тэмцэж ирсэн ардчилагч баатар маань юу болоод Х.Баттулга дахиад АН-аас нэр дэвшиж сонгогдох ёстой гэж хэлэхэд хүрэв гэдэг нь сонирхолтой. Товчхондоо тохиролцоё л гэдэг санааг уг мессежээр хүргүүлж байгаа нь илт. Харин Х.Баттулга яаж нүүх вэ? Гэдэг нь тун сонирхолтой байна. Учир нь Монголын улс төрд тэр хамгийн сайн сэлэгчдийн нэг байсан, одоо ч байгаа.

О.Цагариг

 

 

З.Боргилмаагийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт хэлсэн онцлох 10 эшлэл
З.Боргилмаагийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт хэлсэн онцлох 10 эшлэл
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.