
Нэгэн үе мөрийтэй тоглоом гээчийг нэг дор цуглаж, мөрий хаялцаж буйгаар олон нийт төсөөлдөг байв. Харин энэ төсөөлөл орчин цагт "цахимжиж", гар утас гартаа барьсан хэн ч мөрийтэй тоглоом тоглох боломжтой болсон гэдгийг хүн бүр мэднэ. Чөлөөт цагаараа, хааяа л гэж аман дээрээ ярих залуус элбэг ч начир дээрээ тэдний дунд хэдийнэ амар хялбар аргаар мөнгө олохоор “Койн, бэт, цахим мөрийтэй тоглоом" зэрэгт толгойгоо мэдүүлсэн олон хүмүүс бий. Онлайн покер бол ердөө л нэг суваг нь.
Онлайн покерт донтсон иргэдийн тоог нарийвчлан гаргахад бэрхшээлтэй. Учир нь хэн ч өөрийгөө донтож буйгаа хүлээн зөвшөөрөхгүй. Энэ байдал даамжирсаар амьдрал, эд хөрөнгө, алдар нэр, ар гэр цаашлаад эрүүл мэндээрээ хохирох залуусын тоо олширсоор. Тэдний нэг нь иргэн “Н”. Цахим мөрийтэй тоглоомын товчлуур дарах мөчид азын хаалга нээгдэнэ гэж итгэнэ амьдралаа алдсан олон мянган залуусын нэг. Дөнгөж 25 настай ч дааж давшгүй өрөнд орж, гэрээсээ хөөгдөөд, бүх амьдралаа мөрийнд алдсан "азгүй" нэгэн. Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа "Амьдрал маань яг тоглоомын талбар шиг болсон. Үеийн залуус дүү нар бүгдэд нь хандаж хэлэхэд "Зөвхөн нэг удаа” гэж битгий бодоорой. Миний бүх зүйл тэндээс эхэлсэн. Нэг удаа тоглосон гэж өөрийгөө зөвтгөж болох ч тэр нэг удаа бүх амьдралыг чинь сүйтгэж чадна. Над шиг ухаангүй үйлдэж гаргасан олон залуучууд байгаа. Бидний алдааг битгий давтаарай" хэмээн аминчлан захьсныг энд онцлоё. Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
Энэ бол ганцхан энэ хүүгийн асуудал биш. Энэ мэт маш олон залуучууд мөрийнд амьдралдаа алдаж, ирээдүйн боломжоо хулгайлуулсаар байна.
Та бидний мэдэж байгаачлан цахим мөрийтэй тоглоом тоглож улмаар их хэмжээний мөнгөө алдах цаашлаад байр, машин гэх мэт эд зүйлээ алдах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Цахим мөрийтэй тоглоом нь эхлээд бага мөнгөн дүнгээр хожуулж иргэдийг дахин тоглох сэдэл төрүүлдэг байна. Ингэснээр иргэд дахин дахин мөнгө шилжүүлж тоглож ингэснээр алдсан мөнгөө буцааж авах гэж улайрдаг байна. Улмаар мөрийтэй тоглоомд донтож эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдаж, зээл авч их хэмжээний өрөнд ордог бөгөөд үүний улмаас сэтгэл санаагаар унах, гэр бүл салах, амиа хорлох зэрэг эрсдэлд хүргэдэг гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсоноор 2023-2024 онд Монгол Улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улсад цахим мөрийтэй тоглоомын хэлбэрээр гарсан нь Монгол Улсын нэг иргэнд 485,000 төгрөг оногдох хэмжээний их хэмжээний хөрөнгө юм.
Монгол Улсын Засгийн газар энэ болчимгүй үйлдлийг таслан зогсоох зорилгоор төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг бүрэн хориглох тухай Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаар эцэслэн батлуулж, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч бүрэн таслан зогсоогдохгүй иргэдийн зүгээс залилуулах байдал гарсаар байгааг цагдаагийн байгууллага онцолж байна. Тиймээс зөвхөн мөнгөө биш ажил, амьдрал, амиа хүртэл алддаг цахим мөрийтэй тоглоомоос яг одоо татгалзахыг уриалж байна. Амьдрал мөрий биш ....
Холбогдох хууль: Монгол Улсын Эрүүгийн хуулиас
20.18 Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах
Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.19 Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!