TIMELINE: МАН-ын шороо МАНАРСАН 3 сарын “ЗОДООН”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
17 минут 24 секунд

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын улс төрийн зодоон даамжирсаар тэд хамтдаа огцрох шахсан. Үндсэндээ сүүлийн гурван сар гаруй хугацаанд үргэлжилсэн тэдний зодоон анх хаанаас эхэлж, хэрхэн үргэлжилсэн талаарх үйл явцыг цаг хугацааны дараалалтайгаар хүргэж байна.

-2025.08 сар. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын “Цэнхэрийн УУЛЗАЛТ”-

-Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Д.Амарбаясгалан УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүнтэй Архангай аймгийн Цэнхэр суманд улс төрийн нууц уулзалт хийсэн байдаг. Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, М.Ганхүлэг, Д.Ганмаа, С.Зулпхар, М.Мандхай, Ч.Номин, Ц.Идэрбат, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, Л.Оюун-Эрдэнэ нар очсон гэдэг.

Тэд Цэнхэр суманд ажлын уулзалт хийсэн гэдэг ч бодит байдал дээр улс төрийн нөхцөл байдал, 2026 оны улсын төсвийн асуудлаар уулзсан гэдгийг эх сурвалжууд хэлж байсан юм.

-8-р сарын 27. У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын Их тэнгэрийн ЛОББИ уулзалт-

-Улстөрчдийн нууц уулзалт үүгээр дууссангүй. Мөн наймдугаар сарын 27-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар МАСЗХ-НАМЗХ-СДЗХ гэх залуучуудын байгууллагынхаа үе үеийн дарга, удирдлагуудыг Их тэнгэрт дуудан ЛОББИ уулзалт зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл дүү нарынхаа эсрэг хийсэн уулзалт буюу МАН-ын даргын сунгаанд Г.Занданшатарыг зүтгүүлэх бэлтгэлээ хангаж эхэлсэн нь энэ юм.

Дээрх уулзалтад НАМЗХ-ны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар очоогүй гэдэг.

-9-р сарын 11. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг саатуулж, гэр, ажлын байранд нэгжлэг хийв-

-Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, албан өрөөнд нэгжлэг хийж, улмаар өөрийг нь цагдан хорьж эхэлсэн юм. Түүнийг Бортээгийн ордтой холбогдуулан хахууль авсан, хууль бусаар гэрээ байгуулсан гэх хэргээр цагдан хорьсон байдаг.

-9-р сарын 12. Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдэв-

-УИХ-ын намрын ээлжит чуулган нээхээс гурван хоногийн өмнө УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан мэдэгдэл хийв. Мэдэгдлийнхээ оршил болгож намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд болон татвар, нийгмийн даатгалын асуудлыг хөндсөн тэрбээр “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг шиг төгсгөлд нь “Би МАН-ын даргын сунгаанд өрсөлдөнө” гэж мэдэгдсэн нь тухайн өдрийн хамгийн чухал үйл явдал байсан юм.

-9-р сарын 24. Б.Энхбаяр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт нүүрсний хулгайн талаар ярилцлага өгөв-

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр МАН-ын Бага хурлын өмнөхөн “NTV” телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Д.Амарбаясгалангийн эсрэг ноцтой зүйлсийг ярьсан. Тухайлбал,

Хил холболтын ажлын нүүрсний гэрээний үнийн дүнг Д.Амарбаясгалан мэдэж байсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэлэлцээрийн үр дүнгийн талаарх мэдээллийг Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ийн дарга байх үед илгээж байсан.

“Нүүрсний” гэх хэрэгт буруутгагдан, ял эдэлж байгаа Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тухайн үеийн МАН-ын “генсек” Д.Амарбаясгалан руу “Viber” чат бичихдээ хүн андуурч бичсэн тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярьсан байдаг.

Тодруулбал Б.Ганхуяг “Тавантолгойн бүлэг ордын Бортээг дээр сенсац хийх ажиллагаа тодорхой хүмүүсээс болж бүтэлгүйтэж магадгүй. Та анхаарч өгөөч. Бид хоёрын олон жил төлөвлөсөн ажил бүтэлгүйтэх гээд байна” гэж бичсэн гэх.

Харин энэхүү бичсэн мессеж нь Д.Амарбаясгалан руу бус ЧД-ийн МАН-ын хорооны н.Амарбаясгалан гэх өөр хүн рүү андуурч илгээгдсэн. Улмаар цагдаагийн газраас түүний гэрт нэгжлэг хийж утсыг нь хайсан гэдэг.

-9-р сарын 25. Б.Энхбаярын эсрэг Д.Амарбаясгалан гурван цаг гаруй мэдээлэл хийв-

Өмнө дурдсанчлан, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ярьсан ноцтой зүйлст Д.Амарбаясгалан чимээгүй суухгүй нь мэдээж. Тиймээс маргааш нь гэнэт хэвлэлийн хурал зарлаж, гурван цаг гаруй хугацаанд тайлбар хийн, сэтгүүлчдийн асуултад хариулав.

-9-р сарын 28. Д.Амарбаясгалан МАН-ын даргаар “сонгогдов”-

МАН-ын Удирдах зөвлөлөөс товлосны дагуу есдүгээр сарын 27-нд МАН-ын Бага хурлын VIII хуралдаан эхэлсэн. Бараг 24 цаг хуралдсаны эцэст тэр үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг 85.67 хувийн саналаар МАН-ын даргаар сонгосон байдаг.

Энэ хурал тийм ч амар тайван болоогүй. Орон нутгаас ирсэн Бага хурлын гишүүдээ өрөөнд оруулж түгжсэн, түгжээгүй гэх. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр дахь санал хураалтын өмнө хурлыг орхин гарч, зарим гишүүдийг санал хураалтад оролцуулахгүйн тулд хурлаас гаргасан, Бага хурлын шийдвэр нь хууль, дүрэм зөрчсөн зэрэг олон асуудал хөвөрсөн.

-9-р сарын 30. Г.Занданшатар хулгайтай тэмцэхээр Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохоо МЭДЭГДЭВ-

-МАН-ын Бага хурлаар Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгогдсноос ердөө хоёр хоногийн дараа түүнд ялагдсан Г.Занданшатар мэдэгдэл хийсэн. Тэрбээр Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт холбогдсонд итгэл алдарч, харамсаж буйгаа илэрхийлээд, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж буйгаа мэдэгдсэн. Ингэх гол шалтгаанаа нүүрсчидтэй хийх тэмцлээ үр дүнтэй байлгахын тулд гэж тайлбарласан.

-10-р сарын 2. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэр гарав-

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаасаа хөөхөөр шийдвэрлэв. Харин нэр бүхий гишүүд түүнийг хөөсөн шийдвэрээ эргэн харахыг шаардаж, эс тэгвээс намаас гарна гэдгээ мэдэгдсэн байдаг. Тэгвэл МАН-ын шинэ дарга Н.Учрал дээрх шийдвэрийг эргэн харах шаардлага үүссэн талаар дурдсан юм.

-10-р сарын 2. Нэр бүхий гишүүд Б.Энхбаярыг өмөөрч, МАН-аас гарахаа мэдэгдэв-

-МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Б.Энхбаярыг хөөх шийдвэр гарсантай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар энэхүү шийдвэр эргэн харахыг шаардаж, үгүй бол МАН-аас гарна гэв.

-10-р сарын 7. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг УИХ-д өргөн мэдүүлэв-

-УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг “огцруулах” бичгийг санаачлан, 50 гаруй гишүүн дэмжиж гарын үсгээ зурснаар тухайн үеийн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн мэдүүлэв.

-10-р сарын 7. УИХ-ын 70 гаруй гишүүн Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардав-

-УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн албан бланк дээрээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардсан бичиг боловсруулж, 70 гаруй гишүүнийг гарын үсгийг цуглуулсан байдаг. Харин үүнээс 3 хоногийн дараа буюу 10-р сарын 10-нд энэхүү шаардлага "огцруулах" болон хувирч, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид 13-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.

-10-р сарын 13. АН-ын бүлгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг хамт огцрох шаардлагатай гэв-

-УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж “Нэг намын асуудал улс орны асуудал болсон учраас асуудлыг нэн даруй шийдэх ёстой. Нэгийг нь өмнө нь, нөгөөхийг нь дараа нь гэж хойшлуулах шаардлагагүй" гэв.

-10-р сарын 14. Д.Амарбаясгалан Б.Энхбаярыг шүүхэд өгөв-

-Д.Амарбаясгалан “Нэр төр, алдар хүндийг гутаасан хуурамч мэдээлэл байнга тараасан” гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн талаар Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат мэдэгдэв.

-10-р сарын 14. Ж.Бат-Эрдэнийг МАН-ын бүлгийн даргаас чөлөөлөв-

-Хоёр хуваагдсан МАН-ын бүлгийн 36 гишүүн нь бүлгээ ээлжит бусаар хуралдуулж Ж.Бат-Эрдэнийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулахаар шийдвэрлэв.

-10-р сарын 15. Ж.Батжаргалыг МАН-ын бүлгийн даргаар сонгов-

-36, 32-оор хоёр хуваагдсан МАН-ын бүлгийн 36 гишүүн өмнөх өдөр ээлжит бусаар хуралдаж Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас нь огцруулсан бол маргааш нь дахин хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг бүлгийн даргаар сонгосноо зарлав.

-10-р сарын 16. ТББХ Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэнгүй-

-П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүний гарын үсгийн дагуу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг ТББХ-гоор 10-р сарын 10-нд хэлэлцэж эхэлсэн боловч ажлын цаг дууссан, ирц хүрээгүй гэх шалтгаанаар гацаад байсан хуралдаан энэ өдөр үргэлжлэв. Улмаар байнгын хорооны санал хураалтад оролцсон гишүүдийн 86.4 хувь нь дээрх саналыг дэмжсэнгүй.

-10-р сарын 16. ЗГ-ын сайд нар ҮХЦ-д хандав-

-Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй ТББХ-ны саналыг дэмжье гэсэн томъёоллоор УИХ-ын чуулганд санал хураалт явуулах болсон тул Б.Жавхлан, С.Бямбацогт тэргүүтэй сайд нар ҮХЦ-д маргаан үүсгэв.

-10-р сарын 17. Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас чөлөөлөгдөж, Г.Занданшатар ОГЦРОВ-

-Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, 111 гишүүний 71 нь дэмжээгүй тул Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын 95-р тогтоол батлагдсан юм.

Мөн УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Д.Амарбаясгалангийн хүсэлтийг ТББХ-ны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн. Тэгвэл чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад 89.5 хувийн саналаар дэмжсэнээр Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулав.

-10-р сарын 20. Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавив-

-Г.Занданшатарыг огцруулсан тогтоолыг “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзэн, ҮХЦ дээр маргаан үүсгэсэн энэ үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх тогтоолд бүхэлд нь хориг тавьсан юм.

-10-р сарын 22. Ерөнхий сайдыг огцруулахдаа УИХ Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв-

-УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, баталсан 95-р тогтоолыг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж ҮХЦ-ээс үзэв. Тодруулбал, чуулганы хуралдааныг өмнөх өдрийн ирцээр үргэлжүүлсэн, ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн юм.

-10-р сарын 24. Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо-

-Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх ажлаа эрчимжүүлэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж буйгаа мэдэгдсэнээс хойш 24 хоногийн дараа чуулганы хуралдаанд танилцуулснаар томилгоо албажив.

-10-р сарын 24. ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв-

-ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр томилогдсон энэ өдөр хуулийн салбарын хамгийн анхны халаа сэлгээ эхэлсэн юм. Тодруулбал, ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр ЗГ-ын хуралдаанаас гарав. Түүний оронд өмнө ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Болд генералыг томилсон байдаг.

-10-р сарын 27. Д.Амарбаясгаланг яллагдагчаар татав-

-ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан талаар мэдэгдсэн бөгөөд прокурорын байгууллагаас “Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах болон улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах байгууллагад хүргүүлсэн” гэж мэдэгдэв.

-10-р сарын 27. Ерөнхийлөгч хоригоо буцаан татав-

-Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавиад байсан. Тэгвэл ҮХЦ-ээс дээрх тогтоолыг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн тул ийнхүү хоригоо буцаан татаж буй талаар ЕТГ-аас мэдээлэв.

-10-р сарын 29. Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэн С.Амарсайханыг Шадар сайдаас чөлөөлөв-

-УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах бичигт ЗГ-аас Шадар сайд С.Амарсайхан дэмжиж гарын үсгээ зурсан байдаг. Тэгвэл Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газрын гишүүний хариуцлагын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдэв.

-10-р сарын 30. МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг жинхэллээ-

-Хоёр хуваагдаж, хоёр даргатай болсон МАН-ын бүлэг учраа олж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг жинхэлж, Ж.Бат-Эрдэнэ тамгаа хүлээлгэн өгөв.

-11-р сарын 11. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татав-

-МАН-ын 31 дэх Их хурал болохоос хэдхэн хоногийн өмнө ийнхүү Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэв.

-11-р сарын 12. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэвлэлийн хурал хийж Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нартай холбоотой баримтуудыг дэлгэв-

-ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр даваа гарагт “Хэро” Б.Баатар болон Д.Амарбаясгалантай холбоотой хэргүүдийн талаар мэдээлэл хийнэ гэж мэдэгдсэнийхээ дагуу хэвлэлийн хурал хийв. Тэрбээр “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Д.Амарбаясгалан руу бичих гэж байгаад андуурч өөр н.Амарбаясгалан руу явуулсан гэх мессежийг, мөн Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын 2023 оны 11-р сарын хуралдааны бичлэгийг нийтэд ил болгосон юм.

-11-р сарын 12. Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилов-

-Чуулганы хуралдааныг удирдахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэгдсэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг энэ өдөр 66.7 хувийн саналаар УИХ-ын дэд даргаас чөлөөлсөн. Түүний оронд МАН-ын бүлгийн даргын ажлаа өгөөд байсан Ж.Бат-Эрдэнийг 78 хувийн саналаар УИХ-ын дэд даргаар томилов.

-11-р сарын 12. Х.Ганхуягийг Шадар сайдаар томилов-

-Шадар сайд С.Амарсайханыг Засгийн газрын гишүүний хариуцлагын гэрээг зөрчсөн гэж үзэн, албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүний оронд УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилов.

-11-р сарын 15. МАН-ын даргаар Н.Учралыг сонгогдлоо-

-МАН-ын 31 дэх Их хурлын эхний өдөр намын даргын сунгаа явагдсан. Энэ сунгаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар өрсөлдсөн юм. Их хурлын төлөөлөгчдийн 94.95 хувийн саналаар МАН-ынхан Н.Учралыг даргаараа сонгов.

-11-р сарын 20. УИХ-ын даргаар Н.Учрал сонгогдов-

-МАН-ын Удирдах зөвлөл энэ өглөө хуралдан УИХ-ын даргад Н.Учралын нэрийг дэвшүүлсэн юм. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулан 100 хувиар дэмжүүлж, үдээс хойш УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулан 82.5 хувийн саналаар Н.Учрал 38 насандаа УИХ-ын даргаар сонгогдов.

-11-р сарын 25. Ж.Энхбаяр ЭЗХ-ийн сайд болж, М.Бадамсүрэн ХХААХҮ-ийн сайдаар томилогдов-

-Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайдаар ажиллаж байсан Н.Учрал УИХ-ын дарга болсон тул энэ орон тоо эзгүйрсэн. Түүний оронд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг шилжүүлэн томилсон. Харин ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томиллоо.

НЭГИЙН ДАВАА: П.Бүрэнтөгс, О.Хангай, Э.Оюунболд нар давж, М.Лхагвагэрэл, Б.Серик, Б.Бат-Өлзий нар өвдөг шороодлоо
НЭГИЙН ДАВАА: П.Бүрэнтөгс, О.Хангай, Э.Оюунболд нар давж, М.Лхагвагэрэл, Б.Серик, Б.Бат-Өлзий нар өвдөг шороодлоо
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!