
Улс төрийн халуун өдрүүд үргэлжилж, үүнтэй залгаад МАН Их хурлаараа шинэ даргаа тодрууллаа. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон МАН-ын хурлаас Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нийт төлөөлөгчдийн 95 хувь нь МАН-ын даргад дэмжсэн юм. Ийнхүү "70,80-аад ОНЫХОН" гэх тодотгол дор үе солих "байлдаан"-ыг хийсээр ирсэн энэ намыг тамга 90-ээд оны төлөөлөлд очив. Тэгвэл МАН-ын үе үеийн дарга нарын түүхэн дэх ХАМГИЙН, ХАМГИЙН нь хэн байв гэдгийг сонирхъё.
-ХАМГИЙН ЗАЛУУ НАМЫН ДАРГА-

МАН-ын шинэ дарга Ням-Осорын Учрал. Тэрбээр 23 насандаа тус намд элсэж, анхан шатны нэгжээс эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй 16 жил нам, төрд ажиллажээ. Түүний хувьд 1987 онд төрсөн нэгэн. Өөрөөр хэлбэл, 38 настайдаа буюу 1990 оноос хойшхи МАН-ын үе үеийн дарга нарын түүхэнд хамгийн залуудаа намын даргаар сонгогдож буй улстөрч болж буй юм.
-ХАМГИЙН НАСТАЙ НАМЫН ДАРГА-

Өлзийсайханы Энтүвшин. Түүний хувьд 2012 оны 7 сарын 25-нд намын даргаар сонгогдож байв. Түүний хувьд 1958 онд Хөвсгөл аймгийн Цагаан уул суманд төрсөн. Өөрөөр хэлбэл, тэрбээр намын даргаар сонгогдох үедээ 54 настай байжээ. Ингэснээр Ө.Энхтүвшин нь 1990 оноос хойшхи МАН-ын дарга нарын түүхэнд хамгийн настайдаа намын даргаар сонгогдон ажилласан хүн болж байгаа юм.
Дашрамд дурдахад, түүний хувьд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 5 удаа сонгогдсон улстөрч юм.
-ХАМГИЙН БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАСАН ДАРГА-

Ө.Энхтүвшин нь 1990 оноос хойш хугацаанд МАН-ын даргаар хамгийн богино хугацаанд ажилласан улстөрч юм. Тодруулбал, тэрбээр нийт 461 хоног даргын албан тушаал хашжээ.
Түүний сонгогдож байсан үйл явцыг эргэн сануулбал, 2012 оны долоодугаар сарын 25-нд МАН-ын Бага хурлын VI хуралдаан 23.40 минут хүртэл үргэлжилсэн байдаг. Тус хурлаар намын шинэ даргаараа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг сонгожээ. Санал хураалтын дүнд шинээр сонгогдсон МАН-ын дарга Бага хурлын гишүүдийн 89 хувийн саналыг авч байжээ. Гэхдээ тэрбээр өрсөлдөгчгүйгээр ганцаараа шууд сонгогдоогүй. Тодруулбал, МАН-ын дарга асан, Ерөнхий сайд С.Батболдын хувьд МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн бол Дорноговь аймгийн МАН-ын даргын зүгээс УИХ-ын гишүүн асан Р.Рашийг намын даргад зүтгүүлжээ. Ингээд нууц санал хураалт явуулахад Бага хурлын гишүүдийн 89 хувь нь буюу 178 гишүүн Ө.Энхтүвшинд, 22 гишүүн Р.Рашид тус бүр санал өгсөн аж.
-ХАМГИЙН УРТ ХУГАЦААНД АЖИЛЛАСАН ДАРГА-

Н.Энхбаяр. Түүний хувьд 1990 оноос хойш улс төрийн өндөр албан тушаалыг тасралтгүй хашиж ирсэн нэгэн. Түүний хувьд 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажилласан юм. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр нь 2939 хоног намын даргаар ажилласан гэх эл үзүүлэлтээрээ хамгийн урт хугацаанд намаа удирдсан улстөрч болж буй юм.
Дашрамд дурдахад, тэрбээр 2000 оны сонгуульд намаа ялалтад хүргэж, Их Хурлын 76 суудлаас 72-г нь МАХН эзэмшиж байв. Гэвч 2004 оны сонгуульд МАХН суудлынхаа бараг талыг алдаж, 2004 оны 8 сард сөрөг намуудтай эвсэж байжээ. Ийнхүү тэрбээр 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулснаар намын шинэ даргын өрсөлдөөн өрнөж эхэлсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!