Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АРМАТА Б.Тэмүүжин: Дэггүй, сахилгагүй, тэнэг ТЭМКА аав болсноосоо хойш их өөрчлөгдсөн. Аав ээжийгээ илүү их хайрлаж, гэртээ хүүхдээ хардаг ААВ БОЛСОН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 51 секунд

СУИС-д жүжигчин мэргэжлээр суралцаж байхдаа найзуудтайгаа хамт АРМАТА продакшнаа үүсгэн байгуулж, олонд танигдсан залуу жүжигчин Б.Тэмүүжин буюу ТЭМКА-г UBN сайт "ТҮҮНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна. Хамгийн сүүлд ТАТАР хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн кинонд тоглож, чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулснаас гадна дуулж, бүжиглэж, хөгжимдөх гэх олон төрлийн авьяасаа дэлгэж олныг гайхшруулаад буй юм.

-Хамгийн сүүлд ажилласан уран бүтээл "ТАТАР" киногоор ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Энэ кинонд дүр бүтээх санал хэзээ ирэв. Яаж хүлээж авсан бэ?

-Өнгөрсөн тавдугаар сарын эхээр SO MEDIA, Аранжин Пикчерсээс надтай холбогдоод "Татар хамтлагийн түүхээр кино хийж байгаа юм. Дөрөв дэх гишүүний дүр дээр ажиллах уу" гэдэг саналыг тавьсан. Багаасаа Татар хамтлагийн дуунуудыг сонсож өссөн учраас шууд зөвшөөрөөд маргааш нь очиж уулзсан. Мөөгий ах намайг харчхаад "Нээрээ адилхан юм уу" гээд л дахин дахин хараад байсан. Хэсэг хугацааны дараа "Чи хип хоп дуу дуулж чадах уу, үглэж чадах уу" гэж асуусан. Би багаасаа дуунд дуртай, дуулах дуртай хүүхэд байсан болохоор "Чадна аа" л гэсэн. Ингээд бид хамтарч ажиллахаар болсон.

-Ардын багш дууг нь шинэчилж дуулаад дүрсжүүлсэн байсан?

-Ардын багш бол миний хамгийн дуртай дуу. Тэр дууг дуулах боломж олдсонд маш их баярласан. Манай хүүхэд том болоод манай аав энэ дууг дуулж байсан гээд ааваараа бахархах байх гэж бодогдсон. Аав болсноосоо хойш алхам бүртээ хүүхдэдээ юу үлдээх билээ гэж боддог болчихсон байна лээ.

-Тэмка аав болоод хэр өөрчлөгдсөн бол?

-Би өөрөө айлын ганц хүүхэд. Тийм болохоор ч тэр үү аав болох мэдрэмж надад үгээр илэрхийлж хэлэхийн аргагүй тийм сонин, содон, гайхалтай санагдсан. Эмнэлгээс гарахад нь харснаас хойш яагаад ч юм юманд хандах хандлага маань эрс өөрчлөгдсөн. Адаглаад л аав, ээж хоёртойгоо харилцаж байгаа хандлага маань хүртэл цаанаасаа зөөлөн болчихсон байсан. Би чинь айлын ганц хүүхэд болохоор хааяа том толгойлоод аав, ээжийнхээ өөдөөс үг сөрж, "Ядаргаатай юм бэ. Би мэдэж байна" гэх мэт таагүй хандлагууд гаргадаг байсан. Одоо бол надаас тийм зан хэзээ ч гарахгүй байх гэж боддог. Түүнээс гадна санхүүгийн сахилга баттай болсон. Гэр бүл зохиож, хүүхэдтэй болоод тусдаа гарснаасаа хойш памперсний мөнгө газраас ургадаггүй юм байна. Гэрт байгаа тос, давс нь дуусдаг юм байна гэдгийг мэдсэн. Өмнө нь олсон мөнгөө гамнаж мэддэггүй байсан юм байна лээ. Бичлэг хийгээд мөнгө олдог байхдаа аав, ээждээ мөнгө өгч үзээгүй. Тийм л дэггүй, сахилгагүй, мангар, тэнэг Тэмка байсан. Одоо бол юм бодож эхэлж байгаа. Бас аав, ээж хоёрыгоо хайрлаж эхэлсэн. Энэ завшааныг далимдуулаад хайртай шүү та хоёртоо гэж хэлмээр байна.

-Эхнэр нь оюутан болоод гэртээ хүүхдээ харж байгаа гэж ойлгосон. Зөв үү?

-Эхнэр маань хүүхдээ хараад жил гаруй гэртээ байж байгаад энэ жил оюутан болсон. Би хүүхдээ харж байгаа. Эхнэр сургуульдаа ороод хоёрхон сар болоход л би үгээ хэлсэн. Одоо гэхдээ дасан зохицоод харьцангуй гайгүй болж байна.

-Хүүхэдтэйгээ ч илүү ойлголцоод байна уу?

-Тийм. Анхандаа учраа олохгүй амаргүй байсан. Одоо бол их сайн ойлголцдог болж байгаа. /инээв/

-Тэмкаг жүжиглэхээс гадна дуулдаг бас хөгжим тоглодог их л авьяаслаг гээд хүмүүс ам сайтай байдаг юм байна лээ. Аав, ээж, гэр бүлээс нь өвлөгдсөн авьяас байна уу. Эсвэл бүх зүйлд өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сурахад илүү их цаг гаргаж чадаад байна уу?

-Манай аавын талынхан бүгдээрээ урлагийн хүмүүс. Бүх төрлийн хөгжим тоглодог хүмүүс бий гээд хэлчихэд хол зөрөхгүй байх. Манай эмээ бас уртын дуу дуулдаг байсан. Намайг 4 настай байхад манай аав, ээж хоёр надад жижигхэн "касио" гэдэг хөгжим авч өгч байсан юм. Тэгээд л би түүнийг нь ганцаараа байхдаа байнга тоглосоор байгаад сонсголоороо хөгжим тоглоод сурчихсан юм. Тэрнээс хойш 9 дүээр анги хүртлээ төгөлдөр хуур, гитар, лимбэ гэх мэт хөгжмийн зэмсгүүдийг өөрийнхөө сонсголоор тоглож сурсан. Гэхдээ би нот огт мэдэхгүй, мэргэжлийн түвшний хүн биш л дээ. Зүгээр л сонирхлоороо сурчихсан юм. Тэгээд "Бадмаараг" ахлах сургуульд шалгалт өгөөд хөгжмийн ангид ортол жүжигчний анги надад илүү тохирох санагдсан юм. Хөгжимчин гэдэг бол өөрөө өөртэйгөө ажилладаг мэргэжил. Харин жүжигчний мэргэжил бол олон хүнтэй харилцаж суралцдаг мэргэжил учраас тэр нь надад илүү амттай санагдаад жүжигчний анги руу орж байсан юм.

"ХҮМҮҮС "ТА НАР ТАРЧИХСАН ЮМ УУ. МӨНГӨНӨӨС БОЛСОН ЮМ УУ, ЯАГААД САЛЧИХАВ" ГЭЭД ИХ АСУУДАГ. БИД ТАРААГҮЙ"

-"Армата" продакшн яагаад сүүлийн үед нам жим болчихсон юм бэ. Танай продакшн тарчихсан юм уу?

-Бид нар анх оюутан байхаасаа пэйж хөтөлж эхэлсэн. Төгсөөд 2-3 жил бичлэгүүдээ үргэлжлүүлж хийсэн. Гэхдээ цаг хугацааны аясаар пэйж маань уналтад ороод, үзэлт, хандалт маань багасаж эхэлсэн. Тэр үеэс насаараа пэйжээр амьдрахгүй юм байна гэдгийг тал талдаа ойлгосон учраас өөрсдийгөө илүү их хөгжүүлэх зорилго тавьж, зарим нь кинонд зургийн дарга, зарим нь найруулагч, зарим нь жүжигчнээ хийгээд тал талд өөрсдийгөө хөгжүүлж эхэлсэн. Хүмүүс "Та нар тарчихсан юм уу. Мөнгөнөөс болсон юм уу, Яагаад салчихав" гээд их асуудаг. Бид тараагүй. Хувь хувьдаа туршлага хуримтлуулж, өөрсдийгөө хөгжүүлэхэд илүү анхаарч байна. Ирэх 11 дүгээр сараас уран бүтээлдээ орно. Гэхдээ пэйжийн жижиг контент гэхээсээ илүү дэлгэцийн бүтээлд хүч үзэхээр зорьж байгаа.

-Тэмка театрын жүжигчнээр төгссөн биз дээ. Театрын урлагт хүч үзэх бодол байхгүй гэж үү?

-Ядаж 30 гартлаа дэлгэцийн урлагт хүч үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ зорилгын төлөө найзуудтайгаа хамт зүтгэж байна. Алдаж онох нь хамаагүй. Энэ бол бидний урдаа тавиад, зорьж, зүтгэж байгаа зүйл учраас Арматагийн найзуудтайгаа хамт зорилгоо биелүүлнэ. Дараа нь мэдээж театрт хүч үзэх бодол бий. Оюутан байхдаа бол төгсөөд шууд театрт ажилд ороод театрын жүжигчин болно гэж боддог байсан. Тухайн үед нэг киноны массанд очсон чинь нэг найруулагч ах надаас "Төгсөөд киноны жүжигчин болох уу, театрын жүжигчин болох гэж байна уу" гэж асуусан. Би ямар ч эргэлзээгүй театр гэж хариулсан. Гэтэл тэр ах "Ахын дүү шиг ийм царай муутай, намхан театрын жүжигчин байдаггүй юм" гэж хэлсэн. Тэгээд л миний "зүрх үхчисэн" байх. Төгсөх үед миний дотор байсан театрын жүжигчин болох мөрөөдөл байхгүй болоод унтарчихсан байсан. Яг одоо бол надад бага ч болов итгэл төрчихсөн. Бодол маань өөрчлөгдсөн байна. Өөрийгөө илүү их хөгжүүлснийхээ дараа театрт хүч үзэх бодол бий.

-Ихэвчлэн ямар төрлийн дүрийн саналууд ирж байна?

-Дандаа комеди жанр ирдэг. Зарим зохиолыг нь уншихаар энэ кино бол намайг зүгээр маркетингдаа ашиглах гэж байна гээд мэдрэгддэг учраас "Зохиол чинь таалагдахгүй байна" гээд шууд хэлчихдэг юм. Тэгэхээр намайг "Их зантай бацаан" гээд яриад байдаг юм байна лээ. Товчхондоо бол намайг яг сошиалаар минь хараад тийм дүрээр хардаг болчихож. Одоо тийм хошин, комеди жанраас аль болох зугтахыг хичээж байгаа. Тэгэхгүй бол хэтэрхий баригдмал болоод хэт хөнгөн сэтгэх гээд байдаг болчихдог юм байна.

-Яг ямар дүрд өөрийгөө сорьж үзмээр байна?

-Эсрэг дүр. Бүр тодруулж хэлбэл алуурчны дүрд тоглож, өөрийгөө сорьж үзмээр байна. Яг үнэндээ намайг алуурчин байна гэхээр хүн төсөөлөхгүй. Тэгэнгүүт гэнэт би алуурчин болоод гараад ирвэл гоё юм шиг санагдаад байдаг юм. Ер тэгээд киноны эсрэг дүр байх гоё.

-Танд хаяглагдаж ирдэг эерэг болон сөрөг сэтгэгдлүүдээс онцлоод хэлбэл?

-Сөрөг нь бол ойлгомжтой. Хар Тэмка л гэдэг. Анх "Би аймар хар юм байна" гээд сэтгэл санаагаар унаад цайруулдаг тос хүрээд байсан чинь хүмүүс нэгнийгээ дууриагаад л давалгаалчихдаг юм байна лээ. Нэг хүн тэр ногоон гээд хэлчих юм бол бүгдээрээ ногоон юм байна гээд эхэлдэг. Тэгээд надтай нүүр тулаад таарахаараа "Та чинь тийм хар биш юм байна шүү дээ" гэдэг. Би чинь уг нь жаахан бор хүн байгаа юм. /ИНЭЭВ/

-Эерэг сэтгэгдлийн тухайд?

-"Авьяастай мундаг дүү шүү. Амжилт хүсье" гэдэг сэтгэгдэл их ирдэг.

-Залуус, дүү нартаа хандаж хэлэх зүйл бий юу?

-Залууст хандаж хэлэдхэд гэр бүлдээ цаг зав гаргадаг байгаарай, эрүүл мэнддээ анхаардаг байгаарай бас эерэг байгаарай. Нийгэм ийм сөрөг байлаа гээд залуучууд бид өөрсдөө эерэг байж чадвал удахгүй маш сайхан нийгмийг бүтээж чадна. Тийм ч учраас залуучуудын эрэн үе ирж байгаа шүү гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.