
Зодооны хэрэгт холбогдож, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Тайландаас баривчилсан байдаг. Улмаар энэ сарын 22-нд буюу өнгөрсөн даваа гарагт Монгол Улсад авч иржээ.
Ингэхдээ түүнийг цагдан хориогүй, гадуур батлан даалтад шалгаж байгаа аж. Тэрбээр Тайландад эрүүл мэндийн шалтгаанаар биеэ эмчлүүлж байсан хэмээн мэдүүлсэн байна. Иймд батлан даалтад гадуур шалгуулах хүсэлтээ илэрхийлжээ. Хүсэлтийг ч прокурорын байгууллага хүлээн авсан бололтой одоогоор ямар нэгэн цагдан хорих хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргаагүй байна.
Сануулахад, Тэрбээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Монгол Улсын хилээр гарч явсан байдаг. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Наймдугаар сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан юм.
Гэвч тэрбээр хуулийн хугацаандаа ирээгүй.
Тиймээс хуулийн байгууллагаас Интерполын төв товчоонд Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүргүүлснээр Интерполын Улаан булангаар эрэн сурвалжилж байсан юм.
Б.Амарсайхан хил давж зугтсанаас болж, хэргийн шийдвэрлэх явц удаашралтай байсан. Өөрөөр хэлбэл, хэргийг шалгаж, дараа дараагийн байгууллага руу шилжүүлэх процесс гацсан байдалтай байсан юм. Учир нь уг зодооны хэрэгт 3-4 хүн шалгагдаж байгаа тул Б.Амарсайханы мэдүүлэг чухал байсныг эх сурвалж мэдээлсэн юм.