Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд: Ахмад настнуудын дундаж тэтгэврийг 901 мянган төгрөгт хүргэхээр тусгасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 37 секунд

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.09.15/ үдээс хойших хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн.

Дараа нь Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хуулийн төслийн талаар танилцуулсан. /бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр, Төсвийн төслөө боловсруулахдаа 239.8 мянган иргэнтэй уулзан ярилцаж, санал бодлыг нь сонсон хэлэлцсэн. E-Mongolia системээр санал бодлоо ирүүлсэн 188 мянган иргэний дуу хоолой, хүсэл сонирхлыг тусгасныг онцлоод бид иргэдийнхээ хүсэл, нийгмийн захиалгатай нийцүүлж, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэхээр төлөвлөлөө. Гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү чиглүүлж, үр дүнд хүрэхээр тооцсоныг онцлон тэмдэглэв.

Мөн Засгийн газрын 2026 онд ард иргэдээсээ авсан онцгой даалгавар нь Хавдар судлалын үндэсний төв-II, Зүрх–судасны үндэсний төвийг шинээр барьж эхлүүлэх, Гэмтэл согогийн үндэсний төвийг өргөтгөн бэхжүүлэх, 17 аймгийн яаралтай болон эрчимт эмчилгээний тасгийг иж бүрнээр шинэчлэх, Нийслэлд сургуулийн ачааллыг бууруулах 117 шинэ сургууль, 73 шинэ цэцэрлэг, 32 дотуур байр барих, хүүхэд бүр дэлхийн монгол иргэний хэмжээнд эрдэм мэдлэг эзэмших, багш бүр хийснийхээ хэрээр цалинжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Ахмад настнуудынхаа тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, дундаж тэтгэврийг 901 мянган төгрөгт хүргэхээр тусгасан гэж байлаа.

Хүнээс гал, гэрэл гуйдаггүй болох зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулж, 3.9 их наяд төгрөгийн дотоод хөрөнгө оруулалтаар эх үүсвэрээ нэмэгдүүлнэ. Үйлдвэрлэлээ 3.5 сая мегаватт-цагаар нэмэгдүүлснээр импорт багасаж, цахилгаан тасалдал, тарифын дарамт багасна гэдгийг Засгийн газрын тэргүүн дурдахын зэрэгцээ 2026 оноос иргэн бүрийн сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт хоёр биш, таван хувь болж нэмэгдэнэ. Ингэснээр НӨАТ-ын ачаа дарамт хоёр дахин багасна гэв.

Хуримтлагдсан баялгаа эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг иргэдийн амин чухал хэрэгцээнд зориулах нь Засгийн газрын онцгой даалгавар байх болно. Ипотекийн тогтолцоог шинэчилж, тусгайлсан Орон сууцны банк байгуулж, олон айл өрхийн өмнө шинэ орон сууцны үүд хаалгыг нээх болно. Хүү багатай, босго намтай, урт хугацаатай зээлийн шинэ тогтолцоог төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаагаар бий болгоно гэдгийг Ерөнхий сайд тодотгохын зэрэгцээ 2026 онд бүсчилсэн хөгжлийн замын бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж, 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3,122 км зам, 3,159 метр гүүр шинээр барьж, засварлана. Замын-Үүд, Гашуунсухайт, Боршоо, Сүхбаатар, Алтанбулагийн боомтын хүчин чадлыг 2–3 дахин нэмэгдүүлсэн бол, 2026 онд Бичигт, Цагаандэл-Уулын өргөтгөл, шинэчлэлийг эхлүүлж, Цагааннуур, Булган, Хавиргын шинэ боомтыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр барьж эхэлнэ гэж байлаа.

Түүнчлэн 2026 оны төсөв бол эдийн засаг дахь данхар төрийн давилуун, давруу оролцоог багасгаж, төрийг байр байранд нь байлгах шинэ эхлэл гээд Засгийн газар өдөр тутмын ажлынхаа төвд үргүй зардлыг танах, сахилга хариуцлагыг чангалан тогтоох бодлогыг тавьсан. Тиймээс ДНБ-ий 35.1 хувийг эзэлж байсан төсвийн зарлагыг 32.2 хувь болгон бууруулна. Урсгал зардлыг 26.6- 24 хувь болгон танаж, сахилга бат, хариуцлагыг бэхжүүлнэ.

Бид 2026 оны төсвийг мөнгөний бодлоготой уялдуулснаар эдийн засгийн өсөлтөө 5.7 хувьд хүргэх, цалин орлогыг хумслагч инфляцын долоон хувиас давуулахгүй хазаарлах, экспортыг 16.7 тэрбум ам.долларт хүргэх зорилтуудыг дэвшүүлж байна. Төсвийн орлогоо 31 их наяд 600 тэрбум төгрөг, төсвийн зарлагаа 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг нэг их наяд 380 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцлоо хэмээн Ерөнхий сайд танилцуулгадаа тодотголоо.

Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд өгсөн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.

Уг дүгнэлтэд Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх, нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг хангасан байна. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агуулгын хувьд нийцэж байгаа боловч Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүрэн чиглүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн Засгийн газрын өрийн үлдэгдэл 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 43.8 хувьтай тэнцүү байхаар төсвийн төсөлд тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-т заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд нийцэж байна хэмээн дурдсан байлаа.

Мөн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” батлагдаагүй тул 2026 оны төсвийн төслийг боловсруулах шатанд байгаа бодлогын баримт бичгийн төсөлд үндэслэж нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна гэсэн дүгнэлтэд дурдсан байлаа.

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31,600.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 32,980.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,380.0 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэхээр төлөвлөжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд 579 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөр 2024 оноос 56.0 хувиар, 2025 оноос 5.5 хувиар буурсан, мөн нийт санхүүжилтийн 66.8 хувийг шилжих арга хэмжээнд хуваарилснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтыг улс, бүсийн хөгжлийн бодлогын томоохон зорилтуудад чиглүүлж,өмнөх оноос үргэлжлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлсэн сайн талтай боловч дараах асуудлуудад анхаарах шаардлагатай байна гэв.

Үүнд: Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг сулруулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулахад хүргэж байна.

Төсвийн төслийг боловсруулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагуудын салбар хоорондын уялдаа хангалтгүй, тооцоо судалгаа, мэдээллийн эх сурвалж зөрүүтэй байгаа нь төсвийн төсөл бодлогын баримт бичгүүдтэй бүрэн нийцэж байгаа эсэхийг нэгтгэн дүгнэхэд хүндрэлтэй, хөгжлийн бодлогын баримт бичгийн нийцэл бүрэн хангагдахгүй, холбогдох хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байх эрсдэлтэй байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаар хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг төсөв, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулахгүй байгаа нь төсвийн төлөвлөлтийн үр ашгийг бууруулж байна.

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд гол нэр төрлийн эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ буурч төсвийн орлого тасрах эрсдэл үүссэн нөхцөлд төсвийн зарлагыг санхүүжүүлэх, үүсэх эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсвийн бодлогод тодорхой тусгагдаагүй байгааг цаашид анхаарах шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхий аудитор дүгнэлтдээ онцолсон.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулсан.

Уг дүгнэлтэд Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд нийт 316 төсөл, арга хэмжээ тусгагдсанаас 126 төсөл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих бөгөөд үүнээс 60 хувь буюу 76 төсөл, арга хэмжээг 2026 оны төсвийн төсөлд тусгасан байгааг дурдаад 2026 оны төсвийн төсөл нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй тодорхой хэмжээнд нийцтэй байна. Гэхдээ төсвийн төсөл, хөгжлийн төлөвлөгөөний нийцтэй байдлыг бүрэн хангах асуудлыг цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлуудыг танилцуулсан байв.

Тодруулбал, Улсын төсвийн орлого төлөвлөлтийн талаар: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүнд Үндэсний баялгийн сангийн орлогын эзлэх хувь өсөх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын бүрдүүлэлт эрсдэлтэй, төсвийн татварын бус орлого буурах хандлагатай, улсын төсвийн орлого нь түүхий эдийн экспортын биет хэмжээ болон дэлхийн зах зээлийн үнээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Улсын төсвийн орлого экспортод гаргаж байгаа түүхий эдийн биет хэмжээ, дэлхийн зах зээлийн үнэээс ихээхэн хамааралтай байгаа нь төсвийн орлогыг тогтвортой бүрдүүлэхэд эрсдэл дагуулж байна гэжээ.

Улсын төсвийн зарлагын төлөвлөлтийн талаар: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн өсөлт 2025, 2026 онд аажим саарах хандлага ажиглагдаж байна. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахаар төлөвлөсөн байна. ДНБ-д эзлэх төсвийн нийт зарлагын хэмжээ 2018 онд 29.0 хувь байсан бол 2021 онд 37.1 хувьд хүрч өссөн. Улмаар 2022 онд 33.9, 2023 онд 29.2 хувь болж буурсан ч 2024 онд дахин 38.3 хувьд хүрч өссөн. Төсвийн нийт зарлага 2025 онд 35.1 хувьд хүрэхээр хүлээгдэж байгаа бол, 2026 онд 32.2 хувь болж буурна гэж тооцжээ. Төсвийн бодлогын зорилтуудыг харилцан уялдаатай тодорхойлсон боловч төсвийн зарлага, үр дүнгийн үзүүлэлтүүдийн нийцлийг бүрэн хангаагүй байна. Төсвийн төсөлд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарыг онцолсон нь 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний “хүн төвтэй” хөгжлийн үзэл санаатай уялджээ. Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл нь нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбар, эдийн засгийн үйл ажиллагаанд чиглэж байна.

Улсын төсөв ба орон нутгийн төсөв хоорондын одоогийн харилцааг шинэчлэх замаар бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатай байна гэсэн байлаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлж төлөвлөх тогтолцоог зохистой хэрэгжүүлэхгүй байгаа нь хэрэгжилтийн үр дүнг бууруулж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үнэлэх, эрэмбэлэх тогтолцоо, дүрэм журамд зарим алдаа дутагдал, сул тал оршсоор байна. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хүн амын өсөлтөд суурилсан урт хугацааны төлөвлөлттэй төсвийн хөрөнгө оруулалтыг уялдуулах, хөрөнгө оруулалтын зохицуулалтын орчин, үр дүнгийн үнэлгээг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна хэмээн дурдсан байлаа.

Хуулийн төсөл болон холбогдох бусад танилцуулга, дүгнэлтүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өмнөх хуулийн төслийг хэлэлцэх үеэр хэлсэн шаардлагаа танилцуулж, тус бүлгийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага хүслээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь АН-ын бүлэгт хоёр хоногийн завсарлага өгсөн тул чуулганы нэгдсэн хуралдаан лхагва гарагт үргэлжлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

БНХАУ-д болсон усанд сэлэлтийн тэмцээнд “Alpha swimming” клубын тамирчин Б.Номтойтэмүүлэн 4 алт, 1 мөнгөн медаль хүртлээ
БНХАУ-д болсон усанд сэлэлтийн тэмцээнд “Alpha swimming” клубын тамирчин Б.Номтойтэмүүлэн 4 алт, 1 мөнгөн медаль хүртлээ
 
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.