
АТГ-аас МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь өчигдөр /2025.09.10/ нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг ямар хэрэгт холбогдуулж ийнхүү нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байгаа ч нэгжлэг өчигдөр шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжилжээ. Улмаар шаардлагатай бичиг баримтуудыг хураан авч, түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.
Хэдийгээр ямар хэрэгт холбогдуулан ийнхүү нэгжлэг хийсэн нь тодорхойгүй ч магадгүй, өмнө нь холбогдож байсан нүүрсний хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй байна.
Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн М.Мандхай дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Би улс төрийн намд ороод удаагүй ч, МАН-д шинэ залуу үеийнхний эрч хүч, эрүүл үзэл санаа, итгэл үнэмшилд тулгуурлан нэгдсэн. Намын удирдлагад залуу, чадварлаг, төрийн ялзралын эсрэг өөрчлөлт хийх эрмэлзэлтэй хүмүүс ажиллаж байгаа нь надад итгэл өгсөн. Түүний нэг Чулуунзагд дарга байсан.
Үүний бодит жишээ нь олон шинэ залуус өнөөдөр парламентын гишүүн болж, үеийн шилжилтийг бодит болгож буй явдал. Гэвч МАНай намд энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй, хуучин сэтгэлгээтэй, бид хаан бусад нь боол гэж боддог, тийм үзэл санаатай хэсэг байгааг харахад үнэхээр харамсалтай. Монгол Улс бол ДАРАНГУЙЛЛЫН улс биш. Бүхнийг айлган сүрдүүлж, арчаагүй үйлдлээр шинэ үеийн дуу хоолойг боомилох, өөрчлөлт, шинэчлэлийг эсрэг оролдлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.