
НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийг ахлан үе шаттай ажлуудыг зохион байгуулж буй. Тиймээс энэ удаа нийслэлийн түгжрэлийг бууруулах, гол авто замуудын ачааллыг багасгах зорилгоор ирэх онд хийхээр төлөвлөөд буй 10 орчим шинэ авто замын трассын байршил дээр ажилласан байна. Эдгээр шинэ замуудыг ирэх оноос эхлүүлэх, шаардагдах санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах саналыг боловсруулах юм. Иймд тухайн зам тавих орчны бодит нөхцөл байдалтай танилцаж, ач холбогдлоор нь эрэмбэлэх зорилгоор Ажлын хэсэг газар дээр нь ажилласан аж.
Түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н. Намуу, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат болон Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн зураг төслийн инженер Х.Ганбат, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх 2 дугаар хэлтсийн дарга Б.Мягмарсүрэн нар ажиллажээ. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо ирэх онд хийхээр төлөвлөж буй шинэ авто замын трассуудын онцлог, ач холбогдол болон тухайн байршилд тулгамдаж асуудлыг танилцуулж, мэдээлэл өгсөн байна.
Үүний дараа НИТХ-ын дарга А.Баяр шинэ трасс замуудыг хийснээр түгжрэл хэдэн хувиар бууруулах, зайлшгүй тохиолдолд шаардлагатай байгаа авто замыг эрэмбэлж ирэх оны төсөвт тусгахын тулд холбогдох зураг төслийг нарийн гаргаж, бэлэн болсон зураг төслийг хянаж, нягтлах, шаардлагагүй замын трассыг хойшлуулах, иргэдийн санал хүсэлтийг заавал авах, төрийн байгууллагын уялдаа холбоог эрчимжүүлэх зэргийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сануулжээ.
Тус ажлын хэсэг дараах байршлуудын нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа.
- Сонсголонгийн авто замаас Эрчим хүчний гудамж хүртэл шинэ авто замын трасс
- Яармагийн гэр хороолол дундуур явах шинэ авто замын трасс
- Яармагийн гол замаас Нүхтийн авто зам хүртэлх шинэ замын трасс
- Туул голын эргийн дагуух шинэ авто замын трасс
- Тахилтын шинэ авто замын трасс
- Зайсангийн Соёмботой уулын хойгуурх шинэ авто замын трасс