
"Нутгаа аврах Чойбалсанчуудуудын нэгдэл" төрийн бус байгууллагаас өнөөдөр /2025.09.02/ мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс "Петрочайна дачин тамсаг" компани, түүний удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр "Нутгаа аврах Чойбалсанчуудуудын нэгдэл" ТББ-ын гишүүн Г.Адилбиш “Шүдээ зэвсэглээд эзэлж чадаагүй дорнын их тал, шүлс нь савирсан хятадуудын эрхшээлд хэрхэн орж байгааг маш олон нотлох баримтуудаар бид хүргэх гэж байна. Бидний хувьд яваагүй газар, хандаагүй байгууллага гэж байхгүй. 2022 онд УИХ-аас газрын тосны олборлолтоос үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтоол гарсан. Гэвч Монгол Улсын Засгийн газар өөрсдөө шийдвэрээ зөрчсөн хууль бус үйлдэл хийж байна. Газар зохион байгуулалт, геодиз зураг зүйн газраас ирсэн нотлох, төрийн эрх бүхий баримт бичгүүдээ эх хувиар нь авч явж байна.
2017 оны Засгийн газрын 287-р тогтоол нь “Петрочайна” буюу дачин Тамсагийн талд хэрэгжихгүй байна. Учир нь 1 сая га бүхий газар нутаг дээр улсын тусгай хэрэгцээнд авсан түүнийг ашиглах журам хангагдаагүй гэх албан бичгийг бидэнд өгсөн. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Засаг дарга, Уул Уурхайн Яам, Газар зохион байгуулалтын газрын гурвалсан гэрээ байгуулалгүй ажиллаж байна.
Өнөөдөр хорь гаруй жилийн нүүр үзэж байгаа Тамсагийн сав газарт олборлолт, тээвэрлэлтээ хийж байгаа “Петрочайна” гэх компанийн толгой компани болох "Дачин Ойл фийлд лимитед" гэгч компани дээр тус бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүрэг албан ёсоор шилжээгүйг нотлох Засгийн газрын тэмдэглэл байхгүй гэж бичиг ирсэн.
Өөрөөр хэлбэл, стратегийн орд бүхий бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд Монгол Улсын Засгийн газар нь албан ёсоор тогтоолоор баталгаажуулаагүй, Их хурал нь мэдэхгүй нөхцөл байдалтай байна. Энэхүү асуудлуудад тулгуурлан Үндсэн хуулийн цэцэд хандсан. Ингэхдээ газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Их хурал, Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэнд цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулинд халдсан байна. Гэтэл бидний асуулгад дүгнэлт гаргаж чадахгүй шилжүүлчихсэн.
Мөн ”Петрочайна” компанитай холбоотой ноцтой хэд хэдэн зөрчлүүд гарсан. Тухайлбал, 2022 онд ковидын нөхцөл байдлын үед Матад сумын Эрдэнэбадрах багийн ИТХ хуралдахгүй “Петрочайна” компанийн үйл ажиллагааг дэмжсэн тогтоол гаргасан". Энэ нь яамны ажлын хэсгийн шалгалтын явцад илэрсэн бөгөөд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ажилласан байж болзошгүй үйлдэл гэж үзсэн" гэлээ.

Үргэлжлүүлэн тус холбооны төлөөлөл “Петрочайна дачин тамсаг” компанийн удирдах албан тушаалтан шинэ жилийн баяр тэмдэглэх явцдаа ажилтныхаа амь биед халдсан. Одоо болтол энэ хэрэг нь шийдэгдээгүй. Хэрэг үйлдсэн этгээд өнөөдрийг хүртэл чөлөөтэй явж байна. Энэ нь дабль стандарт мөн" гэлээ.
Удирдах албан тушаалтны гарт амиа алдсан гэх хохирогчийн асран хамгаалагчийн зүгээс мэдээлэл өгөхөд “2024 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө миний том ахын хүүг Дорнын 45-р сонины компанийн 19-р талбайд ХАБ-ын инженер Түмэн-Өлзийн Өрнөх гэх хүн амийг нь хөнөөсөн юм. Энэхүү хэргийн хэрэгтэн одоог хүртэл сул чөлөөтэй явж байна. Хохирогчийн аав нь удам залгах хүүгээ алдсанаар биеийн байдал муудсан. Гэтэл хохирогчийн төлөөлөгч болгохгүй гэж яриад байгаа” гэв.
“Петрочайна дачин Тамсаг” компанийн захирал Жан овогт нь интерполоор эрэн сурвалжлагдаж байсан. Гэтэл хуулийн байгууллага тус хүнийг монголын хилээр хил давуулсан байна. Мөн 2023 онд тус компанид хүний толгой тасарч амиа алдсан ноцтой хэрэг гарсан.
2019 оноос хойш энэхүү компанид баталгаатай бус эх сурвалжаар 22 хүн амь нас үрэгдсэн. Энэ бүх үхлүүд үргэлж хохирогч өөрөөс нь шалтгаалсан гэдэг" гэв.
Ц.Анужин