
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг баригдаж өнгөрсөн оны 12 дугаар сард улсын комисс хүлээж авчээ. Нийт 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг 6 бүлэгтэй 51 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ өнөөдөр эхлүүлсэн байна. Нийт 66 багш ажилтантай. Нэг ангид 1 багш, 2 туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдлөгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллах юм байна.

341 дүгээр цэцэрлэг нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг болж байгаа нь энэ аж.
Цэцэрлэг 10 гаруй автомашины авто зогсоолтой. Гэхдээ тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг учраас эцэг эхчүүд өглөө, орой бүр хүүхдээ автомашинаар хүргэж өгч авах учраас 10 автомашины зогсоол хангалтгүй гэж үзэн СХД-ийн удирдлагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж авто зогсоолын газар чөлөөлөлтийг эхлүүлсэн байна.

2025 оныг "Бүтээн байгуулалтын жил" болгон зарласантай холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг сургууль цэцэрлэгийн авто зогсоолыг байгуулах газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж, хэд хэдэн сургууль цэцэрлэгт зогсоолын ажлыг гүйцэтгэж байгаа аж.