FIBA U16 сагсан бөмбөгийн азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаагаа болж байна. Тэмцээн 2025 оны наймдугаар сарыг 31-нээс есдүгээр сарын 7-ны өдөр хүртэл болох ба Ази тивийн шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан оролцож байна.
Тус тэмцээнд Монголын шигшээ баг БНХАУ, БНСУ, Малайзын багтай “С” хэсэгт багтаад байгаа юм. Тэд эхний тоглолтоо Хятадын багтай хийж 103-45-ын харьцаатайгаар маш хүнд хожигдлыг хүлээлээ. Уг тоглолтод Ч.Батням 15 оноо авч Монгол тоглогчдоо оноогоор тэргүүллээ.
Мөн хэсгийн шатны эхний тоглолтууд өчигдөр \2025.8.31\ болж Австрали, Ливан, Солонгос, Хятад, Япон, Иран зэрэг улсуудын өсвөрийн шигшээ багууд эхний хожлоо авлаа. Эхний тоглолтуудын дараагаар Ливан Улсын холбон тоглогч Жонни Савма 34 оноо авч бүх тоглогчдыг оноо авалтаараа тэргүүлж явна.
Энэхүү тэмцээний ач холбогдол нь Ази тивээс төрөн гарч буй өсвөрийн шилдэг тамирчдыг дэлхийн томоохон лигүүд болох NBA, NCAA болон Евро лиг зэрэгт таниулах юм. Мөн тэмцээний эхний дөрөвт шалгарсан багууд U17 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авч илүү том тавцанд өөрсдийгөө харуулах боломжтой болно.
Э.Ариунтөгс