
Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлөх арга хэмжээ авч буй.

Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэг Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийн хүрээнд 03 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 14 удаагийн ачилтаар нийт 240 ширхэг ТҮЦ нүүлгэн, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний замын газар чөлөөлөлтийг хийсэн байна. Улмаар газар чөлөөлөлт хийсэн байршлууддаа тухай бүр нь хог хаягдлыг цэвэрлэж, ариутгал хийжээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн газрыг чөлөөлөх үйл ажиллагаа нь Газрын тухай хууль, тогтоомж, нийслэл, дүүргийн ИТХ-ын шийдвэр, дээд байгууллагаас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд дүүргийн Засаг даргын өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ийнхүү нүүлгэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар СБД-ийн 1-14 хороонд дахин шинээр 37 ТҮЦ байрлуулсныг албадан нүүлгэж эхлээд байгааг мэдээллээ.