
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, Хөгжлийн сайд Н.Учрал Хөгжлийн банканд ажиллаж тодорхой үүрэг өгсөн билээ.
Тодруулбал,
- Чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх
- Арилжааны банктай өрсөлдөж түр зуурын санхүүжилтээс татгалзах, эдийн засагт үр өгөөжтэй, том төслүүдийг санхүүжүүлэх
- Санхүүжүүлэх төслийг УИХ-аар заавал батлуулах
- Банкны үйл ажиллагаа, зээл, төслийн мэдээллийг нээлттэй ил тод болгох
- Засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салгаж, нээлттэй сонгон шалгаруулалт хийх
- Статус, хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа олон нийтээс санал авах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг.
Тэгвэл Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа "Монгол улсын эдийн засагт бүтцийн шинэчлэл хийхэд Үндэсний Хөгжлийн банкны хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлж чадахгүй авилга, хулгай, мэргэжлийн бус удирдлагын арга барил, улс төрийн нөлөөллийн золиос болсон байсан энэ байгууллагыг үйл ажиллагааны зорилго, зорилт, санхүү хөрөнгийн, засаглалын түвшинд эрс өөрчлөлт хийхийг зорьж хагас жил зүтгэлээ.
Өнөөдөр Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учрал болон ЭЗХЯ-ний төлөөлөл хүрэлцэн ирж, ажил байдалтай танилцаж, эрх зүйн хувьд энэ намрын УИХ-ын чуулганаар хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжихээ илэрхийлсэн нь манай хамт олонд урам зориг өглөө.
Банкны засаглалд онцгой анхаарч, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд улс төрийн шахааны томилгоо хийхгүй байж, ТУЗ болон Гүйцэтгэх топ удирдлагуудын томилгоог бие даасан, хараат бусаар, хөндлөнгийн олон улсын байгууллагаас урьж оруулдаг байх зарчмыг хуульд оруулахыг зөвлөж, мөн дэмжихээ илэрхийллээ.
Чанаргүй зээл төлүүлэхэд учирч байгаа хүндрэлүүдийн талаар: үнэлгээний зөрүүтэй, маргаан ихтэй, анхнаасаа хууль бусаар, нөлөөллөөр олгогдсон зээлүүдийг үнэлж, зарж борлуулах, хөрөнгө оруулагчдад санал болгох ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж, хожим банкны ажилтнууд ийм арга хэмжээ авсан, шийдвэр гаргасныхаа төлөө буруутгагдахгүй байх хуулийн орчны баталгааг бий болгох шаардлагатай байгааг Сайдад дуулгалаа.
Банканд учирсан нэр хүндийн эрсдэл, ялангуяа сайн харилцагчаа ч хулгайч мэтээр харьцаж, итгэлийг нь алдсан байдлыг арилгах нь бидэнд учирч байгаа хамгийн том хүндрэл байна. Хууль бус үйлдэлтэй тэмцэхийн хирээр сайн төслүүдийг санхүүжүүлсэнээр энэ эрсдэл буурна гэдгийг сайдын зүгээс бидэнд анхаарууллаа.
Цаашид дахин муу зээл, үр ашиггүй санхүүжилт хийхгүйн тулд өмнөх шиг судалгаа муутай, хаа хамаагүй зээлийг ТУЗ нь мэдээд шийддэгийг болиулж, банк Санхүүжилтийн бодлогоо Банкны мандат (зорилт)-той нийцүүлж, шинэ зах зээлүүдийг дэмжих, инноваци бүтээх, хөгжлийн зорилтод нийцсэн УИХ-аас тодорхойлсон, тооцоо нь хийгдсэн, үр ашигтай төслүүдээс сонгож, санхүүжүүлж байх, төслийн судалгааг мэргэжлийн түвшинд, олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагын стандартад нийцүүлэх гэж дотоод бүтэц, зохион байгуулалт, менежментээ чиглүүлж ажиллаж байгаагаа танилцуулав.
Сайн бэлтгэгдсэн хүний нөөцийн хомдол байгааг арилгахад Гүйцэтгэх захирлын эрх хэмжээ хүрдэггүй, хэлтсийн захирлаас дээшхи бүх томилгоо ТУЗ дээр буюу ТУЗ-ийн томилгоо Сайдын өрөөнд улс төрийн зөвшилцлөөр хийгддэг байдлыг шинэ хуулиар өөрчилж, засаглалын зөв тогтолцоо руу шийлжүүлэхэд дэмжиж өгөхийг хүслээ. Хүний нөөцийг сургах, бэлтгэх, тогтвортой ажиллуулах нь Банкны хувьд амин чухал асуудал юм.
Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн яам ба Хөгжлийн банк улсын хөгжлийн зорилтууд, хөрөнгө оруулалт, санхүүжилтын бодлогоо нэгтгэж, хамтран үр бүтээмжтэй ажиллах талаар ажил хэрэгч уулзалт болсонд ХБ-ны хамт олон бид талархалтай байна" гэв.