Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Их дээд сургуулиудын элсэлт эхлэхээс өмнө буюу 8,9 дүгээр сард түрээсийн байрны үнэ 20-30 хувь ӨСДӨГ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 44 секунд

Орон нутгаас Улаанбаатар хотод суралцахаар ирж буй оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгддэг. Үүнийгээ дагаад хотын түрээсийн байрны эрэлт ч огцом өсдөг. Энэхүү эрэлт нь түрээслэгчдийн үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг нь бичигдээгүй дүрэм болжээ. Түрээсийн байр олгогчид түрээсийн орлогоо нэмэгдүүлэхийг хүсдэг бол оюутнууд боломжийн үнэтэй байрны хомсдолд орж, байрлах газар олдохгүй хэцүү байдалд ордог.

Хөдөө орон нутгаас жилд дунджаар 80 мянга орчим оюутан Улаанбаатар хотод их дээд сургуульд суралцахаар ирдэг гэх тоо бий. Нийслэлийн орон сууцны бодлогын газрын 2023-2024 оны судалгаагаар Улаанбаатар хотод нийт дотуур байрны багтаамж 7,000 гаруй бөгөөд энэ нь нийт оюутны хэрэгцээний зөвхөн 10 орчим хувийг хангадаг гэнэ. Үлдсэн оюутнууд хувийн түрээсийн байр, найз нөхөдтэйгөө хамтран амьдрах байдалтай байдаг байна.

ХААИС-ийн 2025 оны төгсөгч Л.Ганбат “Би өнгөрсөн жил (2024.7.31) хотод ирээд найз охинтойгоо байр хайж эхэлсэн. Тэрний өмнөх жил (2023он) орон нутагт гэртээ байх үедээ агентаар дамжуулан 120 мянгатад боломжийн үнэтэй байр олоод орохоор болсон боловч агентын ажилтандаа мөнгөө залилуулсан. Тийм болохоор өнгөрсөн жил эртхэн хямд байгаа үед нь байраа өөрөө үзэж харж орох төлөвлөгөөтэй ирсэн ч үнэд ордог үе нь эхэлчихсэн л байсан. Тэр үед 20 гаруй байр очиж үзсэн. Уулзсан. Заримыг нь үзэхээр очиход түрүүлээд хүн орчихсон байна. Зарим нь үзэх гээд очихоор утсаа авахаа болчихно. Эрэлт дэндүү их болчихдог. Тэгээд түрээслэгчид олон сараар нь төлбөрөө хийх гэрээний нөхцөлийн тавьдаг. Зуны гурван сар ажил хийсэн ч ихдээ л хоёр сарын түрээсээ төлж чадах хэмжээний байдаг. Орон нутгийн оюутнуудад сургалтын төлбөрөөс гадна амьдрах байрны төлбөрийн асуудал хамгийн том дарамт болдог. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байрны түрээсээ олох гэж хичээлийн хажуугаар ажил хийж хичээлээ орхигдуулах тохиолдлууд ч багагүй байсан. Энэ бол ихэнх оюутанд тохиолддог асуудал. Байнга ар гэрээсээ мөнгө авах хэцүү болохоор ийм байдалд ордог доо. Энэ асуудлыг шийддэг гарц гаргалгааг нь олдог байгууллага хүмүүс гэж байдаг үгүйг мэдэхгүй явсаар төгссөн дөө. Цаашид энэ асуудлыг авч үзэж анхаардаг болоосой. Айл бүрийн боломж бололцоо адилгүй шүү дээ" гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас хамгийн сүүлд 2016 онд Улаанбаатар хотод түрээсийн орон сууцны м.кв тутмын сарын түрээсийн төлбөрийг 5,500₮ гэж тогтоосон ч үүнээс хойш дахин шинэчлээгүй бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэмж байсан юм. Энэ асуудалд 2016 оноос хойш анхаарал хандуулаагүй шинэчлэх, шаардлага гаргаагүйгээс үүдэн өнөөдрийн зах зээлд түрээсийн байрны үнэ хэмжээнээс хэд дахин өссөн нөхцөл байдал бий болж байна Түрээсийн зах зээл нь эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаж, оюутнууд өндөр үнэтэй түрээсийн байрны дарамттай тулгарсаар байгаа нь бодит үнэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2024 онд мэдээлснээр “Оюутны байрны хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор шинэ дотуур байр барих, дотуур байрны орон тоог нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байна. Гэвч эдгээр төслүүдийн үр дүн богино хугацаанд мэдэгдэхгүй байгаа нь түрээсийн үнийн өсөлттэй тэмцэхэд хүндрэлтэй байгаа” гэжээ.

Баянзүрх дүүрэг, Улаанхуаранд байр түрээслүүлэгч иргэн “Би бүрэн тавилгатай, шинээр ашиглалтад ороод удаагүй нэг өрөө байраа түрээслүүлэх гэж байгаа. Төлбөрийн хувьд 1.500.000 төгрөг. Төлбөрөө бүтэн жилээр нь буюу 12+1 нөхцлөөр нь авна. Байрандаа оюутан авна. Гэхдээ олон оюутан оруулж чадахгүй нэг юмуу хоёр эмэгтэй хүүхэд оруулна. Түрээсийн төлбөрт урсгал зардал багтаагүй учир нь хэрэглээнээсээ хамаардаг" гэлээ.

Энэ мэтчилэн олон түрээслэгч рүү ярьсан ч хамгийн багадаа 3+1 буюу гурван сарын түрээс нэг сарын барьцаа мөнгөтэй авна гэж байсан юм. Ихэнх түрээслэгч нар "6+1, 12+1 гэсэн нөхцөлтэй түрээслүүлнэ” гэдгээ илэрхийлж байлаа.

Байр түрээслүүлж байхад үнээ нэмэхээс өөр аргагүй. Засвар үйлчилгээ, ус цахилгаан, үйлчилгээний зардал өдөр ирэх тусам өсөж байна. Оюутнууд ихээр ирж эрэлт их байгаа болохоор үнэ буулгах боломж хомс. Түрээслэгчид заримдаа үнэ өндөр гэж гомдоллодог ч бидний хувьд зардлаа нөхөхөд л хангалттай юм. Түрээсийн үнээ барьж байгаад ашиг орлогоосоо алдахгүйн тулд үнийг зохих хэмжээгээр нэмэх нь зөв. Өөрийнхөө байрыг хэдээр түрээслэх нь түрээслүүлэгч миний асуудал. Харин түрээслэгч яах нь сонголтын асуудал гэж түрээслүүлэгчид байр сууриа илэрхийллээ.

RE/MAX Mongolia 2023-2024 оны түрээсийн байрны зах зээлийн товчооны үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд "Их сургуулиудын элсэлт эхлэхээс өмнө буюу найм, есдүгээр сард түрээсийн байрны үнэ дунджаар 20-30 хувь өсдөг бөгөөд энэ өсөлт нь 10-аас дээш хоног үргэлжилдэг" гэжээ.

МУБИС-ийн төгсөх дамжааны оюутан Б.Ойнбаяр “Би гурван жил дотуур байранд амьдарсан. Энэ жил төгсөх курс болсон учир оюутны байранд байх боломжгүй болсон. Наймдугаар сарын 10-нд байраа хүлээлгэж өгөх хэрэгтэй байсан учир хоёр хоногийн дотор сургууль ажилтайгаа ойрхон байр олж орох хэрэгтэй болсон. Хоёр хоног тасралтгүй хайж байж дөнгөж сая байр олчихоод явж байна. Их дээд сургуультай ойрхон байрнууд үнэтэй байна. Миний одоо орох байр хамгийн хямддаа орж байна. 1,1 саяын төлбөртэй. Хоёр оюутан хүнд хуваагаад төлсөн ч их л мөнгө шүү дээ. Оюутнууд ирж байгаа хямдруулдаггүй юм аа гэхэд зах замбараатай нэмж болдоггүй юм уу?” гэлээ.

Хотын А бүсэд нэг өрөө тавилгагүй байр метр квадрат хамааралгүй нэг сарын төлбөр дунджаар 1-1,5 сая төгрөг хүртэл байгаа бол тавилгатай нэг өрөө байр 1,3-2,8 сая төгрөг хүртэл байгаа аж. Өмнөх онуудтай харьцуулахад жил бүр хажуу өрөөний үнэ нэг өрөө байрны үнэтэй тэнцэх, нэг өрөө хоёр өрөө байрны түрээсийн үнэлгээтэй тэнцэх хэмжээний болсоор байгаа аж.

Залуус “Бид ажил хийдэг байсан бол ажлаа хийгээд түрээсээ төлнө. Хичээлийн нэг жилд 9 сар байдаг. Гэвч бүтэн нэг жилээр (12 сар) гэрээ хийнэ гэж байгаа нь үлдсэн гурван сар дэмий түрээс төлөх хэрэг гардаг. Ийм байдалтайгаар гэрээгээ хийхгүй бол бас л байр олдохгүй. Мөн нэг өрөө байранд гурваараа оръё гэхэд зөвшөөрдөггүй. Хажуу өрөө 800 мянган төгрөгөөс эхэлж байхад нэг өрөө бол сая хол давсан байх нь тодорхой. Хоёр өрөө рүү зүглэх ч хэрэггүй. Сарын 1,5 сая төгрөгийн үнэтэй байранд хоёулаа орлоо ч сар бүр гэр бүлээ санхүүгийн дарамтад оруулах хэцүү. Нийтийн байр, хостел, хажуу өрөө таних танихгүй олон хүн байдаг учир бүр олон эрсдэлтэй. Тийм болохоор санхүүгийн дарамттай ч орон сууцанд байвал арай аюулгүй. Бүтэн нэг хичээлийн жилд сургалтын төлбөр байртайгаа нийлээд багадаа 16 орчим сая төгрөг зарцуулагддаг” гэж байр сууриа илэрхийллээ.

Түрээсийн үнэ хавар болон өвлийн улиралд бага зэрэг буурдаг ч намар буцаад огцом өсдөг. Ийм нөхцөлд түрээсийн зах зээлд хоёр талын ашиг сонирхол зөрчилдөж байгаа бөгөөд үүнийг зохицуулах, хязгаарлах хууль эрх зүйн орчин, бодлого хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд тэнцвэртэй, харилцан ойлголцол дээр суурилсан шийдэл олоход нийгмийн бүх талын оролцоо чухал юм.

М.Ариунжаргал

“Их хурд-10” наадамд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
“Их хурд-10” наадамд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
 
ШУУД: “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ УЕПГ-т гаргаж байна
ШУУД: “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ УЕПГ-т гаргаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.