
Сүүлийн хоёр хоногт Хэнтий, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт усны ослоор 5 иргэн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгджээ.
Олон хоногийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өдөр бүр шахуу шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлж байгаа ч тогтож харж, толгойдоо эргэцүүлж байгаа хүн ховор. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
Иймд:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Усанд живсэн үед үзүүлэх анхны тусламж
- Амьсгал авч байгаа эсэхийг шалгаж яаралтай тусламж дуудах /102, 103, 105/
- Амьсгалахгүй байвал хамрыг чимхэж, ам руу хүчтэй үлээнэ. 10 секундэд 5 удаа ухаан ортол давтана.
- Амьсгалж эхэлбэл хажуу талаар нь харуулж цэвэр агаар амьсгалуулна.
- Толгойг гудайлган эрүүг нь өргө. Ам, хоолойд нь тээглэсэн зүйлийг гарга.
-
Цээжний доод хэсэгт буюу өвчүүний голд нэг гарынхаа алгыг байрлуулж нөгөө гараараа түгжиж, хоёр гараа нугалахгүйгээр цээжин дээр дарна. Амьсгал сэргэж судас лугшилт мэдрэх хүртэл үргэлжлүүлнэ.