УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.07.07/-ийн хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тухайлбал,
Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 52.9 хувийн саналаар баталлаа. УИХ-ын даргын 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 173 дугаар захирамжаар байгуулагдсан, төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Анар танилцуулгадаа, төрийн байгууллагууд процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн ч нэгдсэн арга зүй, зохион байгуулалт дутмаг, мэдээллийн системийн уялдаа холбоо сул, технологийн чадавх хангалтгүй зэрэг нийтлэг хүндрэлүүд байгааг онцлов.
Тухайлбал, E-Mongolia платформ хэсэгчилсэн шийдэлтэй, иргэний нэгдсэн таних систем (ID) байхгүйн улмаас мэдээлэл давхарддаг, байгууллагуудын цахим үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгааг дурдав.
Мөн 2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээгээр “цахим засаглал”, “төрийн шинэчлэл” зэрэг зорилтуудын хэрэгжилт хангалтгүй, зарим нь бүрэн зогсонги байдалд орсон байна. Иймээс төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ПДИ-г үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд уг тогтоолын төслийг боловсруулсан болохыг Ажлын хэсэг танилцууллаа.