
Жилд 500-700 хүн зам тээврийн ослоор амиа алдаж, 4000 орчим хүн гэмтэж, 2000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Тиймээс зам тээврийн осол болон “Дүрмээ мөрдье” аяны хүрээнд хийгдэж буй ажлын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягтай ярилцлаа.
-Зам тээврийн ослын улмаас жилд 500-700 хүн нас бардаг гэх харамсалтай тоон мэдээлэл байна. Тэгвэл жилийн аль улиралд зам тээврийн осол илүү их гардаг вэ?
-Дулааны улиралд орон нутгийн замд их осол гардаг бол Улаанбаатар хотод өвлийн улиралд түлхүү нэмэгддэг. Учир нь хальтиргаа, гулгаанаас үүдэн дуудлага, мэдээлэл нэмэгддэг.
-Сүүлийн үед зам тээврийн ослын нөхцөл байдал ямар байгаа вэ?
-ТЦА-нд хүйтний улиралд хоногт 350 орчим дуудлага ирдэг. Харин дулааны улиралд 250 орчим ослын талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдэж байна.
-Амралт аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийн замд осол их гардаг. Тэгвэл ослын нийтлэг шалтгаан нь юу вэ?
-Аялал зугаалга эхэлсэнтэй холбоотой орон нутагт гарч буй зам тээврийн ослын тоон үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байна. Шалтгаан нөхцлийн хувьд жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх мөн шөнийн цагаар гэрлээ шилжүүлэхгүй замын хөдөлгөөнд оролцож байгаагаас осол ихээр гарч байна.
-ТЦА-аас иргэдийг ослоос урьдчилан сэргийлэхэд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Зуны улирал аялал зугаалгын үе эхэлсэн энэ үед орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг. ТЦА-аас “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд бид орон нутагт гарч буй ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бууруулах, шалтгаан нөхцлийг тогтоож бууруулах зорилготой.
-“Дүрмээ мөрдье” аяны хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Уг ажлын хүрээнд 150 км радиус тутамд хөдөлгөөнт эргүүлүүд гарч, мөн 100 км тутамд байнгын постууд ажиллаж байна. Түүнчлэн дундаж хурдны камер ажиллаж байгаа. Эвдэрсэн зам, замын байгууламжуудыг засаж янзлах, нутаг дэвсгэр хариуцсан байгууллагын удирдлагуудад мэдэгдэл шаардлага хүргүүлж, хамтран ажиллаж байна. Мөн замын эвдрэл гэмтлийн арилгах, тэмдэг тэмдгэлгээг нэмж байршуулах зэрэг ажлуудыг аяны хүрээнд хийж гүйцэтгэж байна.
-Аян хэднийг хүртэл үргэлжлэх вэ?
-Аянд тодорхой хугацаа заагаагүй. Аялал зугаалгын цаг дуустал үргэлжилнэ. Гэхдээ аяны хүрээнд явагдаж байгаа хяналт шалгалтууд цаашид үргэлжилсэн хэвээр байна.
-Аян зохион байгуулснаар зам тээврийн осол багасдаг уу?
-Аян үргэлж үр дүнгээ өгдөг. Тодорхойлж хэлэхэд өссөн байлаа ч зарим аян үр дүнтэй байдаг. Жишээлбэл, зам тээврийн осол 80 хувиар өсөх байсан бол 20 хувиар өссөн гэдэг ч юм уу осол гарах магадлалыг бууруулж өгч байгаа нь аяны үр дүн байдаг.
-Ослыг бууруулахын тулд иргэд, жолооч нар юуг илүү анхаараасай гэж та хүсэж байна?
-Ер нь хүн нас барсан, гэмтэж бэртсэн ослуудын 76.6 хувь нь буюу бараг 80 орчим хувь нь орон нутгийн замд гарч байгаа. Өнгөрсөн жил 631 хүн зам тээврийн ослоор нас барсны 500 нь орон нутгийн замд гарсан. Мөн эдгээр хүмүүсийн 83 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй замын хөдөлгөөнд оролцож байсан судалгаа гарсан. Тиймээс орон нутгийн замд явж байгаа иргэд маань нэгдүгээрт, хурдаа тохируулж явах шаардлагатай байна. Хоёрдугаарт, хамгаалах бүсээ хэрэглэх түүнчлэн шөнийн цагаар явахдаа гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслээ шилжүүлж, хориглосон нөхцлөөр гүйцэд түрүүлэхгүй байхыг иргэд жолооч нартаа анхааруулж хэлмээр байна.
Б.Мөнхгэрэл