Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАЙЗ НЭВТРҮҮЛЭГ: Урлагийн салбарын амь нэгтэй найзууд Э.НАМУУН, Б.АРИУНЧИМЭГ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 24 секунд

Хүмүүний амьдралд хөг нэмж, хүнд үед хүч өгдөг хамгийн нандин харилцаа бол найз, нөхдийн харилцаа. Тэр дундаа он цагийн хэлхээнд эрчлэгдэж, нэг хүн шиг болтлоо ижилдсэн амьдралын найзтай байна гэдэг хүн бүрт тохиогоод байдаггүй онцгой хувь ерөөл. Тиймээс бид сайн, муу, сайхан, муухай бүхий л цаг мөчийг хамтдаа даван туулсан амь нэгтэй найзуудыг онцолдог "НАЙЗ" нэвтрүүлгийг эхлүүлсэн.

НАЙЗ нэврүүлгийнхээ энэ удаагийн дугаарт урлагийн салбарын амь нэгтэй найзуудын төлөөлөл жүжигчин Э.Намуун, Б.Ариунчимэг нарыг онцоллоо. Оюутны ширээнээс нэгнээ олж, өнөөдрийг хүртэл 10 гаруй жил нөхөрлөсөн жүжигчин бүсгүйдийн баяр гунигийн нулимс, инээд хөөр хосолсон сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Э.Намуун, Б.Ариунчимэг хоёрын нөхөрлөл эхэлсэн тэр цаг мөчийг эргэн дурсъя?

Б.АРИУНЧИМЭГ: Хамгийн анх Нанаг харж байсан анхны сэтгэгдлийг ерөөсөө мартдаггүй юм. Нэг жилийн чөлөө авчихсан байсан учраас хоёрдугаар курст манай ангид орж ирж байсан. Бүтэн нэг жил нэг ангид хамт сурсан хүүхдүүдийн дээд ангийн эгч орж ирсэн гэсэн үг. Санаа зовж эмээсэн зүйлгүй, өөртөө итгэлтэй охин манай ангид орж ирсэн. Анх хараад ямар хөөрхөн охин бэ гэсэн бодол төрж байсныг мартдаггүй юм.

Э.НАМУУН: Яг үнэндээ бид таарамж муутай байсан. Байнга үзэл бодол зөрчилддөг учраас ойлголцдоггүй байлаа. Гэхдээ тэр харилцаа удаан үргэлжлээгүй. Хоёрдугаар курс төгсөхдөө учраа олчихсон байсан. Тэр цагаас хойш нэг зүйлийн хоёр талаас харсан ч нэгнээ ойлгож хайрладаг тийм найзууд болоод өнөөдрийг хүртэл 10 гаруй жил найзлаад явж байна. Намайг ямар ч шүүлтүүргүйгээр хайрладаг. Ямар нэгэн маскгүйгээр харьцдаг амьдралын найз минь гэж боддог.

-Найз тэр дундаа амьдралын найз гэж таны бодлоор яг хэн юм бэ?

Б.АРИУНЧИМЭГ: Олон төрлийн найз байдаг. Шоуны найз, ажлын найз, сонирхол хоббигоороо холбогдсон найз гээд олон бий. Амьдралын найз гэдэг нь он цагийн уртад шигшигдэж үлдсэн тэр хүмүүсийг л хэлнэ. Ямар ч атаархалгүйгээр нөхөрлөж чаддаг. Жаргасан, зовсон бүхий л цаг үед яг дэргэд минь бат зогсож чаддаг тэр хүнийг л амьдралын найз гэнэ.

Э.НАМУУН: Алдаа бүхэнтэй нь хамт хайрладаг хүнийг л найз гэх байх даа.

-Нөхөрлөлийн үнэ цэнэ таны бодлоор юунд оршдог вэ?

Э.НАМУУН: Нэг удаа Эрхэмээ "Найзуудаа сонгох уу, намайг сонгох уу гэвэл чи яг найзуудаа сонгох байх аа" гээд жаахан үл ойлголцол дээр хэлж байсан. Дараа нь би найз, гэр бүл хоёрын ялгаа яг юу юм бэ. Яагаад хоёулаа зэрэгцэн байх ёстой юм гэж бодсон. Гэр бүл алдаа гаргаж болохгүй, илүү хариуцлагатай байх ёстой харилцаа юм байна лээ. Харин найз гэдэг амьдралд яагаад заавал байх ёстой юм бэ гэхээр хүнийг алдаатай нь хамт хайрладаг. Алдаа гаргасан ч үглээд л хажууд байж байдаг тийм хүнийг хэлдэг. Ямар нэгэн буруу зүйл хийсэн байлаа гэхэд ямар ч эмээх зүйлгүйгээр найзууддаа хэлж, зөвлөлдөж, шийдлийг хамтдаа хайж чаддаг. Ямар ч шүүлтүүргүйгээр, хэлэх үгээ цэгнэхгүйгээр ярьдаг. Түүнд л нөхөрлөлийн үнэ цэнэ оршдог болов уу гэж бодож байна.

Б.АРИУНЧИМЭГ: Найз гэдэг бол бидний сонгож авсан гэр бүл гээд гоё үг байдаг. Тэр үгтэй би 100 хувь санал нийлдэг. Би ажил мэргэжлийн онцлог, өөрийн нээлттэй зангаасаа болоод нэг хэсэг хэтэрхий олон найзтай болчихсон байсан. Тэр дундаас хэн нь жинхэнэ найз юм бэ гэдгийг цаг хугацаа шийдээд өгдөг юм байна лээ. Тэгэхээр амьдралын урт замд алсарч холдоогүй, зовлонтой, жаргалтай бүхий л цаг үед яг дэргэд минь байж чаддаг тэр хүн амьдралын найз юм байна. Түүнд л нөхөрлөлийн үнэ цэнэ оршдог юм байна гэж бодсон.

-Энэ хүн миний амьдралын найз юм байна гэсэн тэр нандин мэдрэмжийг хэзээ хамгийн гоёор мэдэрч байсан бэ?

Б.АРИУНЧИМЭГ: Манай Нана найз нөхөддөө тохиолдсон асуудалд яг өөрт нь тохиолдсон юм шиг өөриймсөг ханддаг хүн. Яг чин сэтгэлээсээ сонсож, гарц, гаргалаа, шийдлийг хамтдаа хайдаг. Тэр асуудал шийдэгдтэл хамт шаналж, хамтдаа даван туулдаг. Гэхдээ мэдээж хүн болгонд тийм зан гаргадаггүй. Яг тэр мэдрэмж нь хэнийг ч байсан тэр хүнийг хүндэлж хайрлах тэр мэдрэмжийг төрүүлдэг. Хамгийн анх тэрийг нь мэдрээд энэ хүн яг миний найз юм байна гэдэг дулаан мэдрэмжийг авч байсан.

Э.НАМУУН: Оюутан цагаасаа эхлээд нэг нэгнийхээ дотор сэтгэлийг сонсдог тийм найзууд байсан. Нэгнийхээ сэтгэл санаа ямар байгааг харцаар нь л мэддэг болчихдог юм байна лээ. Би зүгээр ээ гэхээр зүгээргүй л байна даа гээд шууд мэддэг. Товчхондоо бол миний нүдэнд жаахан гуниг байгааг хараад л мэддэг гэсэн үг. Мэдээд зогсохгүй санаа тавьдаг. Хамт шаналдаг. Яг тэгж чин сэтгэлээсээ хайрладаг гэдгийг нь маш олон удаагийн жишээгээр харж, мэдэрсэн учраас энэ хүн эргэлзээгүй миний найз юм байна гэдэг тэр мэдрэмжийг авч байсан.

-Хамтдаа нэг, нэгнийхээ хүчээр давж гарч байсан хамгийн хүнд үеийг хэлээч гэвэл?

Э.НАМУУН: Хамгийн хэцүү үе гэвэл мэдээж гэр бүл салалт. Бид хоёр хоёулаа гэр бүл салж байсан. Салалт эмэгтэй хүний хувьд маш том цохилт байдаг л даа. Ялангуяа хүүхэдтэй ээжүүдэд. Яг тэр хүнд цаг үеийг нэг нэгэндээ хань болж, хамтдаа давж байсан.

Б.АРИУНЧИМЭГ: Гэр бүл салалтыг хамгийн анх манай Нана туулаад ганц бие ээж болсон. Тухайн үед бид нар өөрсдийгөө том хүмүүс л гэж бодоод туулах естой зүйлээ туулаад л явж байна гэж боддог байсан. Одоо бодохоор жаахан байсан юм байна лээ. Дөнгөж л 20 гарч байгаа охидууд байсан. Тухайн үед найзынхаа хажууд хамт байгаад л байсан хэрнээ найзыгаа ямар хэцүү хүнд үеийг туулж байгаа гэдгийг яг чин сэтгэлээсээ ойлгож чаддаггүй байсан юм байна лээ. Дараа нь би өөрөө яг тэр зүйлийг туулахдаа Нанагаа илүү ойлгосон. Миний найз ингэж ганцаардаж байсан юм байна, ингэж эргэлзэж байсан юм байна. ингээд мухардалд орж байсан юм байна би найздаа тийм ч их дэм болж чадаагүй юм байна гэдгийг тэгэхэд л би бүрэн дүүрэн ойлгосон. Харин Нанагийн тухайд миний мэдэрч байгааг өөрөө мэдэрч байсан учраас тэр хэцүү үеийг давж гарахад надад хань болж, дэм болж, хамгийн их тусалсан. Би найздаа тийм найз нь байж өгч чадаагүй.

-Тэр цаг үе тэндээ дуусаад та 2 хамтдаа даваад гарсан. Өнөөдөр 2-уулаа сайхан гэр бүлтэй болоод аз жаргалтай амьдарч байгаа. Яг энэ цаг мөчид юу хэлмээр байна. Найзынхаа ханийн тухайд?

Э.НАМУУН: Ярианыхаа өмнө нэг зүйлийг заавал хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Үнэхээр болохгүй болоод салсан биз. Салсны араас нэг хаалга хаагдахаар нөгөө хаалга нээгдэнэ гэгчээр миний найз сайхан ханьтай учирсан. Найзынхаа ханийг дүгнээд хэл гэвэл жентелмэн залуу гэж хэлнэ. Найзыг минь хайрлаж, хүндэлж, өөрийнх нь хүслээр байлгадаг учраас би маш их баярладаг. Найзыгаа харахаар яг ханиа олчихов уу даа гэж хардаг. Ядмаадаа маш их баярлаж бас хүндэлж явдаг.

Б.АРИУНЧИМЭГ: Бид нар нэгдүгээр курст байхаасаа л цасан охин болоод байгууллагуудын шинэ жил дээр очдог байсан. Тухайн үед Эрхэмээ ах театрын жүжигчин байсан учраас хамт их явдаг. Теартын том жүжигчин ах гээд хүндэлж явдаг байлаа. Тийм ч учраас анх Нанаг хэлэхэд нь шоконд орсон. Яг үнэндээ тийм ч таатай хүлээж аваагүй. Би одоо хаашаа юм амьдралынх зөв шийдвэрүүд дээр дандаа эсрэг байр суурьтай байсан юм уу хаашаа юм. To be or not to be -д орно гэхээр нь яах гээд байгаа юм гэж эсэргүүцээд, Эрхэмээтэй сууна гэхээр нь бас эсрэг байр суурьтай байсан байгаа юм. Гэтэл энэ 2 шийдвэр хоёулаа зөв байсан. Одоо найзынхаа гэр бүлийг хараад баярладаг.

Э.НАМУУН: Урлагаа орхиод гэр бүлээ сонгож байгааг минь манай найзууд бүгдээрээ дэмжихгүй байсан. Яг гоё өсөж яваа карьерээ орхих хэрэг байна уу гээд жаахан дургүй байсан.

Б.АРИУНЧИМЭГ: Манай Нанагийн яг гоё өсөж явсан карьер Эрхэмээ ахтай хайр сэтгэлийн холбоотой болоод л зогсчихсон. Хамтлагаасаа гараад, гэр бүл, үр хүүхэд гээд л. Гэхдээ манай Нана бол хэзээ ч тэр зүйлд харамсдаггүй. Бүх цаг үеийн эмэгтэйчүүд гэр бүлийнхээ төлөө өөрийн карьер, амбицаа золиосолсоор ирсэн байдаг. Гэхдээ миний хувьд найзынхаа өмнөөс харамсдаг. Гэхдээ энэ миний л бодол л доо. /ИНЭЭВ/

Э.НАМУУН: Миний хувьд одоо эргээд уран бүтээлдээ ороод явж байгаа болохоор найзуудын маань санаа амарсан байх аа.

Б.АРИУНЧИМЭГ: Найзыгаа урлагтаа эргэж ирээд, Галбингаа гээд гоё уран бүтээл хийгээд гол дүрд нь тоглохыг нь харах үнэхээр сайхан байсан. Тэр маань эргээд ирлээ гэж байгаа юм шиг найзаараа бахархах мэдрэмж төрсөн.

-Уулзахаараа хэр галзуу найзууд вэ?

Э.НАМУУН: Галзуу гэхээсээ илүү тархигүй болчихдог.

Б.АРИУНЧИМЭГ: Манай найзуудыг тус тусад нь харах юм бол хүний хань, хүүхдийн ээж гээд ер нь их гайгүй хүмүүс. Хамт байхаараа яг тархи нь алга болчихдог юм шиг байгаа юм. Жаахан хүүхдүүд шиг сахилгагүй болчихдог. Шууд утгаараа бол тэнэг. /ИНЭЭВ/

-Найзуудад хандаад юуг хэлмээр байна. Өнгөний, мөнгөний, эрх ашгийг нөхөрлөл их болсон цаг үе. Ийм гоё үнэ цэнэтэй нөхөрлөлийг бүтээхийн тулд яах ёстой юм бэ. Зөвлөөч гэвэл юуг онцолж хэлэх вэ?

Б.АРИУНЧИМЭГ: Цензурээ буулга гэж хэлэхийг хүсэж байна. Найз нөхдийн харилцаа бол хэвтээ шугаманд байх ёстой. Босоо буюу дээрээс доошоо, доороос дээшээ харсан биш яг нэг шугаманд байх ёстой гэж боддог. Тэр хүн од байна уу, дарга байна уу хамаа байхгүй. Найз нөхөрлөлийн харилцаа яг л нэг шугаманд байх ёстой юм байна гэдгийг ойлгож ухаарч байгаа. Бас тэр хүнийг яг байгаагаар нь алдаа, дутагдалтай нь хайрлаж сурах нь хамгийн чухал. Бид нар үр хүүхдээ муухай ааш, алдаа дутагдалтай нь хамт хэзээ ч хувирашгүй хайраар хайрладаг. Яг тэр хайраар найзыгаа хайрлаж чадвал тэр нөхөрлөл хамгийн үнэ цэнэтэй нөхөрлөл болж чадна гэж боддог.

Э.НАМУУН: Санал нэг байна. Нэмээд хэлэхэд бид нар амьдралдаа найзуудыгаа хойш нь тавьчих гээд байдаг. Амьдралын эрхээр гэсэн үг. Гэр бүл, үр хүүхэд, ажил, амбиц, мөнгө төгрөг гээд. Тиймээс болж өгвөл цаг зав гаргаад найз нөхөдтэйгээ уулздаг байгаасай. Залгаад ярьчихдаг байгаасай гэж боддог.

-Ярилцлагын төгсгөлд юуг онцолж хэлмээр байна?

Э.НАМУУН: Найз гэдэг сэдэвтэй нэвтрүүлэг болохоор ч тэр үү зориулж цаг гаргасан. Амьдралдаа нэг их яриад байдаггүй зүйлсээ ярьлаа. Найзыгаа дотроо бодож, төсөөлж дурсамжаараа аяллаа. Маш гоё мэдрэмж төрж байна.

Б.АРИУНЧИМЭГ: Надад бас цаг хугацаагаар аялсан юм шиг гоё мэдрэмж төрсөн.Тэр үеийн дурсамжууд, тэр үеийн мэдрэмжүүд орж ирээд огшоод хэцүүхэн л байлаа. Хүн ээж, аав, үр, хүүхэд, хань ижлээ ярихаар л сэтгэл нь хөдлөөд байдаг юм байх гэж бодсон чинь найзыгаа ярихаар бүр илүү хүчтэй базлалт мэдрэгддэг юм байна. Ийм гоё нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танай хамт олонд баярлалаа. /ИНЭЭВ/

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та хоёрынхоо цаашдын ажилд амжилт хүсье.

 А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ
 А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ
 
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.