
Шинээр бүрэлдсэн Засгийн газрын хамгийн эхний ажил төсөвт тодотгол оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж цаг алдалгүй хэлэлцүүлэх юм. Энэ хүрээнд өнөөдөр анхны ээлжит хурлаараа уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Тэгвэл эх сурвалжийн өгч буй мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн яамныхантай ажиллаж энэ оны төсөвт тодотгол хийх төслөө боловсруулсан байна.
Тодруулбал, Экспорт энэ оны эхний таван сард 5.4 тэрбум болж өмнөх оны мөн үеэс 932.9 сая ам.доллароор буурч 14.7 хувиар буурсан. Нүүрсний үнэ тонн тутамд 47.2 ам.доллароор буурсан байна. Угтаа бол нүүрсний үнэ унахаас ч өмнө, унасны дараа ч эдийн засагчид төсвийн орлого дутах нь гэдгийг сануулсаар ирсэн. Цаашлаад худалдааны гол түнш Хятадад гангийн үйлдвэрлэлийн хямрал нь оргилдоо хүрч байгаа нь манайд том цохилт болох дохио боллоо. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлого, геополитикийн тодорхойгүй байдал нь цар тахлаас ч илүү хүнд шок болж байгааг эдийн засагчид сануулж буй.
Харин Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор төсвийн тодотгол хийх бодит нөхцөл үүсэж байна. Үүнтэй уялдуулж хэмнэлтийн тодотголыг хийхээр бид бэлдэж байна. Энэ оноос эхлэн хэрэгжиж байгаа Хэмнэлтийн тухай хуулийн тодорхой заалтад 5 дугаар сарын 31-ний дотор аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй тохиолдолд түүнд төсөвлөсөн хөрөнгийг төрийн санд буцаан төвлөрүүлэх буюу хэмнэлтэд тооцно гэж заасны дагуу нийт 234 тэрбум төгрөгийн санхүүжилттэй шинэ төслүүд энэ жил хэмнэлтэд тооцогдохоор байна. Үүнийг багтаагаад хэмнэлтийн тодотголыг хийхээр төлөвлөж байна. Тодруулбал нийт 2.3 их наяд төгрөгийг төсөвт тодотгохоор төлөвлөсөн" гэсэн юм.