Өнөө өглөөнөөс хойш УИХ дахь намын бүлгүүд, Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тогтоолыг хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор дээрх тогтоолыг хэлэлцэхэд, гишүүдийн 73.9 хувь нь итгэл үзүүлэхийг дэмжсэн байдаг. Тэгвэл дөнгөж сая чуулганы хуралдаанаар итгэл үзүүлэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, 82 гишүүн оролцсоны 44 нь дэмжиж, 38 гишүүн татгалзав. Гэвч 126 гишүүний олонх нь дэмжиж чадаагүй тул Ерөнхий сайдад итгэл үзүүлээгүй буюу ОГЦОРСОНД тооцлоо.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ санал хураалтыг нууцаар явуулах горимын санал гаргасан нь дэмжигдсэнээр нууц буюу цаасаар санал хураалт явуулсан юм.
Хуулийн заалт:
Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж хуульчилсан байдаг.