"Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-аас өнөөдөр /2025.03.28/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-ын ТУЗ-ийн дарга М.Өлзийбаяр хэлэхдээ “ 2023 онд дэлхий даяар нийт 172.400 эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэний 70 хувь нь бөөр, 20 хувь нь элэг, үлдсэн хувьд зүрх гэх мэт эрхтнүүд байна. Манай дэлхийн 8 тэрбум хүний 850 сая гаруй нь бөөрний ямар нэг өвчтэй. Эдгээрээс 6 сая гаруй нь бөөр орлох эмчилгээнд орж байгаа гэсэн тоо баримт байна.
Манай улсын хувьд 2006 онд байнгын диализ эмчилгээ эхлэхэд 40 гаруйхан хүн байсан. 2020 онд энэ тоо 1200 болсон бол 2025 онд 2980 болчихоод байна. Эдгээрийн 695 нь бөөр хүлээх жагсаалтад, 400 гаруй хүн элэг хүлээх жагсаалтад байна. Энэ хэрээр эрхтэн шилжүүлэх эмчилгээ шаардлагатай байгаа гэсэн үг. Тиймээс ч 2007 онд 70 байсан элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан хүний тоо 1200 дөхсөн. Эндээс зөвхөн Монголдоо шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн нь 900 орчим байна. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улсад 1996 оноос хийгдэж эхэлсэн. Маш олон салбарын 30 жилийн хөдөлмөрийг үгүйсгэмээргүй байна гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ эмчилгээ ухрах эрхгүй урагшлах шаардлагатай байгааг энэ тоо баримтаас харж болно ” хэмээн мэдээллээ.
Эрхтэн шилжүүлэх эмчилгээний ачаар өнөөдрийн байдлаар 1200 гаруй иргэн амь аврагдаж, өдгөө эрүүл саруул ажил хийгээд явж байгааг энэ үеэр онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!