ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 19-нд Д.Нямхүүд холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүх хуралдаан прокурор ар гэрийн гачигдалтай гэх шалтгаанаар өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр болж хойшлосон. Шүүх хурал өнөөдөр боллоо.
Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг ХӨСҮТ-д нийлүүлэх, түүгээр эмчилгээ, оношилгоо хийх болсон шалтгаан нөхцөл нь Монгол Улсад коронавируст халдварт цар тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, цар тахал өвчнийг эмчлэх, оношлох шаардлагын хүрээнд Эрүүл мэндийн яам, сайд “ДУБ” ХХК-ийн дээрх компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын аппаратыг тус төвд шилжүүлж суурилуулсан байна.
Энэ үеэр Д.Нямхүү "Цар тахлын үеэр хил, гааль хаалттай байсан учраас хуучин аппарат ашиглах талаар үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоорондоо ярилцаад над дээр ирсэн. Тухайн үед би тэр аппаратыг хүлээж авахаас татгалзах боломжгүй байсан. Хүний амь настай холбоотой чухал үе байсан учраас. Уушгины аль хэсэгт өвчлөл байгааг рентген харж чадахгүй. Компьютер томограф л хардаг. Хоёрдугаар эмнэлэг болон бусад эмнэлэг рүү тэр аппаратыг зөөж болохгүй байсан. Цар тахлаар Францын иргэн өвдсөн онцгой нөхцөл байсан учраас тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тусгайлан даалгавар өгч байсан. Франц иргэний амь насыг бүрэн хариуцна шүү гэж намайг тусгайлан дуудаж үүрэг өгч байсан. Өөрөө ХӨСҮТ дээр 2-3 удаа ирж байсан. Онцгой комисс, Засгийн газар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл буюу миний шууд удирдлага үүрэг даалгавар өгч байхад үгүй гэх эрх байхгүй.
Би ажилчдадаа хуучин аппаратыг ХӨСҮТ-д бэлэглэсэн шүү гэж хэлсэн. Эхэндээ мөнгөний талаар юу ч мэдээгүй. Сүүлдээ тэр нь худалдан авалт болоод явчихсан.
Цар тахлын үед дайны фронтод байгаа хүн шиг ажилласан. Одоо ингээд буруутан болсондоо харамсдаг. Үндсэндээ гурван жил шүүгдлээ. Би тэр аппаратыг ашиглаж хүний амь аварсныхаа төлөө ялтан болоод сууж байна. Үнэхээр хэцүү.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!