Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Улаанбаатар хотын нийт дөрвөн байршилд төмөр замын доогуур авто замын нүхэн гарц барих ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцох гармаар жолооч нар хурд хэтрүүлэн галт тэрэгний урдуур дайрах, гармын хаалт дотор зогсох, хаалт, байгууламж мөргөж гэмтээх зэрэг зөрчил багагүй гардгаас үүдэж Төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц байгуулах төсөл ажлыг хэрэгжүүлж буй.
Эхний ээлж буюу Сонгинохайрхан дүүргийн Таван шарын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг 2024 оны 11 дүгээр сарын 01-нд бүрэлдэхүүн хэсгүүдийн авто замын хөдөлгөөнийг бүрэн дуусгаж хөдөлгөөнийг нээсэн. Одоогоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бол явган зорчигчид хуучин төмөр замын явган хүний гарцаар зорчиж байна. Тус нүхэн гарц нь хоногт 32500 машин нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд ирэх хавраас гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг бүрэн дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Зам тээврийн сайдын тушаалаар "Улаанбаатар төмөр зам"-ын гол замын 396 дугаар километрт байрлах авто зам, төмөр замтай нэг түвшинд огтлолцох гармыг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс, явган хүний гарцыг 2025 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн бүр мөсөн татан буулгах тушаал гарсан. Үүнтэй холбоотой мэдээллийг УБТЗ ХНН-ээс олон нийтэд түгээн ажилласан байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!